06.12

Ерөнхийлөгч Киргиз улсад албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын зөвлөлийн хуралдаанд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөж байна.

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа юм.

Албан ёсны айлчлалын дараа буюу 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлж, Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцох юм байна.