11.15

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргав.

Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн оргил” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангаас зарласан тендерийн болзол, шаардлага, барьцааг бүрэн хангаж малын тэжээл нийлүүлэх зориулалттай зээл авч, зээлийг зориулалтын дагуу зарцуулж, хуваарьт газруудад тэжээлийг нийлүүлсэн байна.

Мөн дээрх компанийн үйл ажиллагаа нь Ж.Цэсэнгээс хамааралгүй, тендер зохих журам, шаардлагын дагуу явагдсан хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийгдэж байгаа тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэнгийн дээрх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.