11.07

Элчин сайдын яам нээх асуудлыг зөвшилцөж, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.11.07) хуралдаан 11 цаг 35 минутад 52.6 хувийн хувийн ирцтэй эхэлж,  хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

 Абу Даби хотод Элчин сайдын яам нээх асуудлыг зөвшилцөв

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг зөвшилцөв. Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм.

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гуравдагч хөрштэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу уг асуудлыг зөвшилцөхөөр оруулж ирж буйг сайд танилцуулав. 

    Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгаа бөгөөд одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10-аад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байгаа аж.

    АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

    Танилцуулгаас үзэхэд АНЭУ-д манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зоичх нь нэмэгдэх болжээ. Иймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүнчлэн манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах үүднээс Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Энхболд, Х.Нямбаатар нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Элчин сайдын яам нь эхний ээлжинд гурван орон тоотой байхаар төлөвлөсөн. Орон байрны түрээс, унаа гээд бусад тодорхой зардлууд гарна. Зарим гол зардлыг гурван жилийн хугацаанд Эмиратын талаас хариуцахаа мэдэгдээд байгаа. Яваандаа зардал мөнгийг төсөвт тусгаж шаардлагатай болно гэлээ. 

Мөн манай улсын хувьд Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр өгөөжийг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж их байна. Энэ бодлогыг ажил хэрэг болгоход чадвартай боловсон хүчин ихээхэн чухал үүрэгтэй учраас энэ чиглэлд тухайн орны холбогдох сан, байгууллагуудтай ярилцаж байгаа гэдгийг хэллээ.

    Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд яамны боловсон хүчний хэлний бэлтгэлийн асуудлаар Батлан хамгаалах яамтай хамтрах боломж байгааг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах ёстой, тэр дундаа шинээр байгуулагдах Элчин сайдын яам нь Арабын орнуудаас хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үр дүнтэй ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

    Ингээд АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцээр соёрхон батлах хуулийн төслийг дэмжлээ

    Дараа нь “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийсэн юм.

    Одоогоор манай улс монгол иргэд олноор оршин сууж байгаа ОХУ, БНСУ, Унгар Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байгаа. Манай улсаас Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-д амьдарч байгаа болон БНТУ-аас Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа тул иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүднээс иргэдийн хүсэлт, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 7 дугаар хуралдааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНТУ хоорондын хэлэлцээр” байгуулах ажил тодорхой үе шаттайгаар явагдаж, улмаар 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Турк Улсын Анталя хотод уг хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулаад байгаа аж.

    Хэлэлцээрийн төсөл нь 38 зүйлтэй бөгөөд хоёр улсын иргэд хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмыг тусгажээ. Харин хэлэлцээрт эрүүл мэндийн болон ажилгүйдлийн даатгалыг тусгаагүй бөгөөд жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, үйлдвэрлэлийн ослын улмаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн харилцааны адил хоёр улсын өөрийн хууль тогтоомжоор зохицуулагдах юм байна.

    Хууль батлагдсанаар манай улсын иргэдийн БНТУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож аль нэг талаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Ингэснээр БНТУ-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал арилна гэдгийг салбарын сайд тодотголоо. 

    Хуулийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар салбарын сайдаас асуулт асууж тодруулсан бөгөөд харин санал хэлэх гишүүн гарсангүй. Ингээд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.