10.24

Нийслэлийн МАН-ын дарга БЗД-ээс гишүүд дэмжигчдийн уулзалтаа эхэллээ

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өчигдөр Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын 11 үүрийн 550 гаруй намын гишүүдтэйгээ Жанжин клуб, Офицеруудын ордон, Их засаг их сургуулийн хурлын танхимд уулзсан юм. Уулзалтад мөнУИХ-ын гишүүн Б.Саранчимэг,нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагай, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хяналтын хороон дарга Н.Сайнбуян, дүүргийн намын хороон дарга Э.Бат-Амгалан, нарын хүмүүс оролцлоо. 
Нийслэлийн МАН-ын шинэхэн дарга өөрийн ажиллах төлөвлөгөөгөө гишүүд дэмжигчиддээ танилцуулав. Тэрбээр намын анхан шатны байгууллагад эрх мэдлийг өгч, анхан шатаа бэхжүүлнэ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр хоёр намын үүрийн байрыг шинээр байгуулна,намын гишүүдээ идэвхижүүлэх үүднээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд зохион байгуулахаар төлөвлөсөн гэдгээ хэлсэн. Түүнчлэн намын анхан шатны байгууллагын боловсон хүчнүүдийг чадавхижуулах үүднээс гадаадад сургалтад хамруулах, намын дэргэдэх ТББ-уудын үйл ажиллагааг идэвхижүүлж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. 
Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Зуун жилийн түүхтэй МАН-ын үнэт зүйл нь үеийн үед хүн байсаар ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд намын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд алдаа, оноо байгаа ч хүн гэдэг үнэт зүйлээ үеийн үед дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс бид намынхаа анхан шатны байгууллагын гишүүдийнхээ үгийг сонсч байх нь юу юунаас чухал. Би ахмадуудынхаа үнэт сургаалийг сонсч, намынхаа үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ өндөр ёс суртахуун, хэм хэмжээг барьж ажиллах болно” гэлээ. 
Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүргийн МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчдийн зүгээс намын эв нэгдэл болон ажилгүйдэл, үнийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа, Улаанбаатар хотын утаа зэрэг олон асуудлыг хөндөн, санаа бодлоо илэрхийлж, олон асуултад хариулт авлаа. Мөн нийслэлийн МАН-ын шинэ даргадаа ажлын өндөр амжилт хүсч, шийдвэр гаргах түвшний хүмүүс ирж уулзаж, санал бодлыг нь сонссонд талархлаа илэрхийлсэн юм. 
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалт цаашид  үргэлжлэх болно.