08.31

Шадар сайд Ө.Энхтүвшин Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Суреш Бабуг эх орондоо бүр мөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгааг тэмдэглэлээ.

Монгол Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Сүүлийн дөрвөн жилд БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын доод танхимын дарга, Гадаад хэргийн сайд, Дотоод хэргийн сайд нар манай улсад айлчилсан нь үүний илрэл юм. Бид цаашид ч улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийллээ.

Монгол Улс, Энэтхэг Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна. Хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсанд сэтгэл хангалуун байна. Энэхүү төслийг түргэн шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.

Монгол, Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгаа. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг дараагийн Элчин сайддаа захиж үлдээгээрэй гэж Шадар сайд хүслээ.

Бидний эхлүүлсэн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн эрч хүч буурахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Суреш Бабу илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.