08.29

Ц.Даваасүрэн: Миний ойрын хүмүүсээс тендер авсан бол би шууд огцорно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн АТГ-аас хийсэн мэдээлэлд тайлбар өглөө. Тодруулбал, АТГ-аас өчигдөр "Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна" гэх мэдээллийг өгсөн юм. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй байна лээ. Сайтынх нь мэдээлэлд ч нэр дурдаагүй. АТГ-аас манай яаманд шалгалт хийхдээ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбоотой 130 гаруй компани байгаа тухай мэдээллийг ирүүлж байсан. Эдгээр компаниуд дотроос ажил авсан юм байна гэж ойлгосон. Яамны хүрээнд хоёр ч захиралд гэрээ цуцлах, цаашид ажиллахгүй байх мэдэгдлийг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Одоо хүртэл шийдээгүй л байна. Миний ойлгосноор, Эрчим хүчний салбарт ажилладаг тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулчихаад өөр ямар нэг газраас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Миний ах дүү, хамаатан садан, ойр дотны хүмүүсээс ажил авсан байвал би маргааш шууд өргөдлөө өгөхөд бэлэн. Огцроход бэлэн. Зарим хүмүүс мэдээллийг албаар гуйвуулаад байх шиг байна" гэсэн юм.