08.29

Ерөнхий сайдад Япон Улсын Элчин сайд болон Японы ЕС-ийн тусгай зөвлөх бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато, Японы Ерөнхий сайдын тусгай зөвлөх Кэнтаро Соноүра нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Японы найрсаг харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа төдийгүй төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлал хэдийн тогмолжсон. Энэ удаад ч мөн Японы Ерөнхий сайд Абе Шинзо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар зэхэж буйг элчин сайд болон Японы ерөнхий сайдын тусгай зөвлөх дуулгав.

Монгол, Японы дипломат харилцаа хөгжихийн зэрэгцээ Зүүн Хойд Азийн улс, орнуудын тогтвортой, аюулгүй байдлыг хангах тал дээр болон Ази Номхон Далайн бүс нутгийн асуудалд ижил байр суурь баримталдаг нь бидний хамтын ажиллагаанд ч эерэг тусгалаа олдог хэмээн талууд санал нэгдэв. Мөн Улаанбаатарын  яриа хэлэлцээг Монгол улс өөрийн оронд зохион байгуулж дэмжлэг үзүүлж байсан нь бидний ойр дотно харилцааны илрэл гэдгийг Элчин сайд тодотгож байв.

Хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж, түүний зэрэгцээ манай хоёр орны ард түмэн харилцан бие биедээ тусалж, байгалийн гамшиг тохиолдсон үед ч дэм үзүүлж байгаа нь Засгийн газрын түвшин төдийгүй иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаа батжиж байгааг илтгэж байна гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсний хариуд бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулж улмаар өсгөж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаагаар бахархаж байна гэдгээ илэрхийлэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.