08.21

УИХ-ын дарга Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2018.08.21/ Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд манай “гуравдагч хөрш” Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргээд, сүүлийн жилүүдэд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засгийн түвшинд амжилттай өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, Европын Холбоо Монгол Улсыг 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс тууштай дэмжиж ирсэнийг дурдаад өдгөө тус холбоо нь манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны чухал түнш болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, цаашид эдийн засгийг олон төрөлтэй болгож, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, дэд бүтэц болоод бусад салбаруудыг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгох төслүүдийг Европын Холбоотой хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Европын Холбоо монголын бараа бүтээгдэхүүний экспортын чадавхийг дээшлүүлэх, европын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж, GPS+ хөнгөлөлтийн ерөнхий системд 2005 оноос хамруулж ирсэн. Энэхүү хөнгөлөлтийн хүрээнд манай улс Европын Холбооны гишүүн 28 орны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой хэдий ч хөнгөлөлтийг хангалттай ашиглаж чадахгүй байгааг УИХ-ын дарга мөн дурдсан.  

Түүнчлэн тэрбээр, Европын Холбооны орнуудад боловсрол эзэмшсэн олон хүмүүс улстөр, эдийн засаг, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглээд, цаашид Европын Холбооны байгууллагаас боловсролын салбарт хөнгөлөлттэй хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон залуусыг хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Европын Холбооны орнуудад зорчих визийн асуудлыг хөндсөн. Европын Холбооны аль оронд зорчихоор виз мэдүүлэх, тус холбооны ямар улсаас аялалаа эхлэхээс хамаарч иргэдэд ялгаатай ханддаг, зарим нэг хүндрэл учирдаг гэсэн мэдээлэл буйг тэрбээр онцлоод монгол иргэдэд тодорхой хэмжээнд визийн хөнгөлөлт үзүүлэх, энэ асуудлаар харилцан ойлголцох ажил хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал Евро Парламенттай олон жилийн харилцаатай хэмээгээд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ирэх есдүгээр сард болох парламент хоорондын ээлжит уулзалтаар зөвлөлдөнө хэмээн итгэж байна гэлээ.

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэа УИХ-ын даргатай уулзсандаа баяртай байна гээд, 1990-ээд онд суралцаж, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн монгол оронд ирж ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийсэн юм.

Европын холбооны зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана хэмээгээд, ингэхдээ хүний эрх, үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх болно гэлээ.

Эрхэм Элчин сайд тус холбооноос эдийн засаг, нийгэм, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаа хэмээгээд удахгүй болох парламент хоорондын ээлжит уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ ахин ярилцана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд Европын холбоо, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүнээс гарсан үр дүнг олон нийтэд таниулна гэж төлөвлөж буйгаа дуулгасан.

Түүнчлэн тэрбээр Европын холбооны зүгээс стандартын дагуу хууль эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүсч байгаагаа онцолсон.

Тус холбооноос Монгол Улсын Засгийн газартай хамтран төрийн санхүүгийн зарцуулалтын сахилга батыг сайжруулах томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд улсын төсвийг баталдаг УИХ-ын дэмжлэг чухал гэлээ.

Мөн чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах шаардлага буйг онцлоод энэ нь Европын Холбооны гишүүн 28 оны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглахад үр дүнгээ өгнө хэмээсэн. Тэрбээр Европын Холбооноос боловсролын чиглэлээр хэрэгжүүлдэг хоёр том хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэлээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд, судлаачид, эрдэмтэд, багш нар Европын Холбооны орнуудад очин, туршлага судлах боломж бий болох юм байна.

Элчин сайд Траяан Лауренцю Христэа Европын Холбооны орнуудад зорчих визтэй холбоотой асуудал гарч буйг хүлээн зөвшөөрөөд энэ асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ хийгдэж буйг дуулгасан. Үүнд Европын Холбооны гишүүн орнуудын Дотоод хэргийн яам голлох үүрэгтэй ажиллаж буй бөгөөд холбогдох журмыг боловсруулан хэлэлцэж байгаа тул ахиц дэвшил гарна гэж найдаж байна гэлээ. Визтэй холбоотой тулгарч буй асуудлыг түвшин бүрт нь судлан үзэж байгаагаа дуулгаад парламентын даргын хувьд Европын Холбооны гишүүн орнуудын хууль тогтоох байгууллагын удирдлагатай уулзах үеэрээ мөн энэ асуудлыг хөндөж ярилцвал улам үр дүнтэй болно хэмээсэн. Түүнчлэн Элчин сайдын хувьд, Төлөөлөгчийн газрын зүгээс ГХЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.