08.13

Д.Эрдэнэбат: Сахилга бат, ажиллах арга барил хаачив

УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын Улстөрийн бодлого зөвлөл хуралдаж хамтарсан мэдэгдэл гаргалаа. Мөн өнөөдрийн хуралдаанаараа цаг үеийн асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригч нам дотоод зөрчлөө шийдэж чадаагүйгээс болж хүний амь нас эрсэдлээ. Мөн улс орны ирээдүй болсон хүүхдүүд амиа насаа алдаж, эрүүл мэнд нь ноцтойгоор хохирч байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байна. Галт тэрэгний ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах юм. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Намын дотоод асуудлаас болж, нэг хүний амь нас эрсэдлээ. Энэ асуудалд ганц сайдыг огцруулаад асуудлаас бултмааргүй байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна" гэсэн юм. 

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эдийн засгийн өсөлтүүд сайжирсаар байгаа энэ үед Засгийн газар санаачилгатай ажиллаж чадахгүй байна. Зоригтой, сайн шийдвэрүүдийг гаргадаг Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тиймээс АН Засгийн газрыг огцорч, чадвартай шинэ бүрэлдэхүүн үүсгэхийг УИХ-аас шаардаж байна. УИХ сайн засгийн газар байгуулж чадахгүй бол огцрох хэрэгтэй” гэсэн юм.