08.01

Л.Оюун-Эрдэнэ: Мэлзээ төрийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгдэж, 60 тэрбумын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж нээлттэй сонсгол хийх ёстой хэмээн мэдэгдсэн билээ.

Тодруулбал тэрбээр энэ талаар хэвлэлд,  “Нэг хэсэг хэвлэлээр шуугиж дуулиан болоод мартагддаг байдалд Монголын нийгэм даслаа. АТГ 60 тэрбумын маш бодитой бичлэгтэй хэргийг шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэрэг дээр цэг тавиач ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр Монголд шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой хаана явна вэ?

Хэрвээ би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?

Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол мэт ийм зүйлсийн хойноос хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо? Үүн дээр өнөөдөр хувь хүнийхээ хувьд тэвчээр алдагдаж байна. Хангалттай харж, хүлээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад найдаж явлаа. Энэ асуудлаар би төрийн ордон дотор зөндөө хашхирлаа. Болдоггүй юм байна.

Би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна.  Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл тэрбээр “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт орж 60 тэрбумын хэргийн асуудлаар дахин байр сууриа илэрхийлсэн байна.
Нэвтрүүлгийн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүний ярьсан ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Бид дууг дүрсжүүлсэн тухай яриагүй. Харин төрийн албыг наймаалцах тухай асуудалд тэр хүмүүсийг оролцсон эсэх асуудлыг хөндсөн.
 
2. М.Энхболд монголд мэлзэж болох байх л даа. Магадгүй өөр улсад бол их хүнд байдалд орно. Гэвч хамгийн хортой нь төр нь дагаж мэлзэж байна. АТГ удирдагчаа буюу томилсон хүнээ дагаж мэлзэж байна. 
 
3. 60 тэрбумын хэрэг бол хамгийн баримттай хэрэг. Дуу хоолойтой. Ийм тодорхой зүйлийг эвлүүлэг гэж үзэж мэлзэж байгаа АТГ ямар итгэл үнэмшлээр ажиллах юм бэ. 
 
4. Бид хуулийн засаглалтай байх юм уу? Аль эсвэл хувь хүнд тохируулсан засаглалтай байх юм уу?
 
5. Хүнээс шууд та авилга авсан уу? Гэхэд тийм ээ авсан гэж хариулах хүн энэ дэлхийд байх уу?
 
6. Авлигалтай тэмцэх газар энэ хэргийг тогтоох ёстой. Тогтоох итгэл үнэмшлээр ажиллах ёстой.
 
7. Цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд энэ байгууллагууд улс төрчдийн утсан хүүхэлдэй болчихож. 
 
8. Ийм том бичлэгтэй хэргийг хаачихаж байгаа юм чинь бичлэггүй тэр олон хэргээс бид юу хүлээх юм бэ?
 
9. Ард иргэд маань хэн нэгэн хүн хэрэг хүлээхийг харж, адаглаад жаахан ч гэсэн тайвшрах эрхтэй.
 
10. М.Энхболд дарга ард иргэдээсээ уучлалт гуйж, залуу үеийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой.
 
11. Бид ийм их хурлын даргатай байж төрд итгэх итгэлийн талаар ярина гэдэг амаргүй.
 
12. Энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хариу үйлдэл хийхгүйгээр намрын чуулгантай золгох юм бол улс,  орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ.
 
13. Мэлзээ төрийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна.