07.17

М.Энхболд:Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй

Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд “АТГ-ын даргын мэдээллийг сонсох”, “60 тэрбум”-тай холбоотой асуудалд цэг тавих, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан зэрэг өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргийг хэлэлцэх ёстой хэмээн УИХ-ын даргад ээлжит бус чуулганы хуралдааныг зарлах шаардлага хүргүүлээд буй.

Харин Хаврын чуулганы хаалтын хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлыг Цагдаа, Шүүх, Прокурор, АТГ гээд бүхий л холбогдох газрууд нь шалгаад хэргийг хаасан. Хэрвээ хэлэлцэх, нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж үзвэл, харъяаллын дагуу Хууль зүйн байнгын хорооны мэдэлд энэ асуудал үлдэж байна. Шаардлага гарвал ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдэж байсан.

Тэгэхээр УИХ-ын даргын хувьд дээрх гишүүний хүсэлтийг амласан ёсоор хүлээн авч таарна. Харин хэзээ вэ гэдэг нэг асуудал тулгарч байгаа нь үнэн. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганы хуралдааныг долдугаар сарын 25-аас хойш зарлах хүсэлтэй байгаа аж. Учир нь энэ жил 21 аймгийн ихэнх сумдын наадам энэ сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжлэх тул гишүүд маань сонгогдсон тойргуудынхаа наадамд очиж тэдэнд харагдах чин хүсэлтэй байгаа бололтой.

Ямартай ч УИХ-ын дарга маань хаалтын чуулганы хуралдаанд хэлж байсан үгээ мартаагүй учраас “...ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад татгалзах зүйлгүй..” байх хэмээн иргэд олон нийт ч харж байна.