06.27

УИХ-ын гишүүн С.Батболд “Азийн ирээдүй-2018” олон улсын хуралд оролцлоо

УИХ-ын гишүүнС.Батболд энэ сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Японы Токио хотод зохион байгуулагдсан “Азийн ирээдүй 2018” олон улсын хуралд оролцсон байна.
Тус хурлыг Японы Nikkei агентлаг уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаагийн хуралд 20 гаруй орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцсон байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд “Жижиг орны эдийн засгийн өсөлт” сэдвээр илтгэл тавьж, хуралд оролцсон төлөөлөгчид болон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариултыг өгчээ. 

Тэрээр энэхүү илтгэлээрээ дамжуулан Азийн орнууд зөрчилдөөнөөс аль болох зайлсхийх ёстойг анхааруулаад өндөр хөгжилтэй азийн орнуудыг жижиг улс орнуудаа “бүс нутгийн” хамтын ажиллагааны гадна орхигдуулалгүй “win-win” буюу хамтдаа ялах зарчмыг баримтлахыг уриалсан байна. 
УИХ-ын гишүүн С.Батболд Японы хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад Хятадын “Бүс ба зам” санаачилгын ач холбогдол болон Монгол Улсын Засгийн газар Монгол-Орос-Хятадын гурван талт эдийн засгийн коридор байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн байна. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбох хурдны зам болонОрос-Хятадын газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах арга замыг эрэлхийлж байгаа зэрэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. 
Хурлын үеэр Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаарх сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ “АНУ болон БНАСАУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт болох хотын нэгээр Улаанбаатар нэрлэгдэж, хамгийн сүүлд тунаж үлдсэн 3 хотын нэгээр сонгогдсон нь Монгол Улс аливааг дипломатч байдлаар зохицуулж, энх тайвнаар шийдэлд хүрэхийг эрмэлзсээр ирсэн, үүнийг нь дэлхий мэддэг болсны нотолгоо юм” гэжээ.

Эх сурвалж:
https://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia-2018/Commodities-recovery-tests-Mongolia-s-commitment-to-reform
https://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia-2018/Small-countries-can-enrich-regional-cooperation-initiatives-says-ex-Mongolian-PM
https://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia-2018/Belt-and-Road-provides-landlocked-Mongolia-with-chance-to-grow