06.26

Ээлжит бус зарлах уу, энэ чуулганыхаа хугацааг сунгах уу

УИХ-ын хаврын чуулган ирэх баасан гарагт завсарлана. Гэвч хаврын чуулганаар төлөвлөсөн  хэд хэдэн чухал хуулийн төслөө хэлэлцэж амжсангүй. Бас чуулган завсарлахаас долоохон хоногийн өмнө ЭрдэнэсТавантолгойн  төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирэв. Засгийн газар даагаа нэхэж  буцаагдсан Татварын багц хуулийн төслөө дахин өргөн барилаа. Эдгээрээс гадна Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт олон хүний “хорхойг хөдөлгөж” байгаа гэдэг нь тодорхой. Энэ хоёр хуулийн төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтаад байсан юм.

Хамгийн хүлээлттэй хуулийн төсөл  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх байсан ч хаалганы цаана үлдээд байна. Хаврын чуулганы “тавьж хоносон”  энэ мэт чухал хуулийн төслүүдийг ээлжит бусаар хэлэлцэж магадгүй гэдгийг эх сурвалжууд нотолж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ гэдгийг хэд хоногийн өмнө мэдэгдсэн удаатай.  Зарим гишүүдийн зүгээс эээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн асуудлаа хэлэлцэх нь хамгийн оновчтой сонголт гэсэн байр суурь илэрхийлээд буй. УИХ –ын дарга ч өөрөө элжит бус чуулганы тухай ам нээсэн. 

Хоног хугацаа давчуу хойтох ажил их гэдэг шиг парламентын ажил хууль тогтоогчдын амрах цаг хугацааг нь ийн хязгаарлаж мэдэхээр байна.

Ээлжит бус зарлахгүйгээр хаврын чуулганы хугацааг сунгах өөр нэг хувилбар байж болох ч зуны сар дундаа орж, наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд гишүүдийн хөл хөнгөрч хөдөө нутаг, тойргоо санаглзаад сэтгэл тогтож өгөхгүй сэвэлзээд байх биз. Тиймээс баасан гарагт завсарладаагаараа завсарлаад харин эргэж ээлжит бус зарлах нь зөв гэсэн байр суурь давамгайлж байгаа бололтой.

Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн ирэх оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл гээд цаг хугацаагаар хайрцаглагдсан хойшлуулашгүй асуудлыг хэлэлцдэг, үүнд хоног хугацааныхаа нэлээдгүй хувийг зарцуулдаг.  Тиймээс хаврын чуулганаар төлөвлөгдсөн асуудлынхаа дутууг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхийг илүүд үзэж байгаа нь тодорхой. Харин ээлжит бусыг хэзээ хуралдуулах вэ.  УИХ-ын даргын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж тогтоно.

Долоо наймдугаар сар бүхэлдээ амралтын үе. Гэхдээ гишүүдийн хувьд энэ үеэр тойргийнхонтойгоо уулзаж, сонгогч нартаа харагддаг үнэ цэнэтэй цаг хугацаа.  Ийм  болохоор есдүгээр сар эхэлтэл ээлжит бус чуулган бараг зарлахгүй байх гэсэн таамаглалыг зарим нэг нь хэлж байна билээ.

Өнгөрөгч намар  буюу 2017 оны 9 дүгээр сард УИХ ээлжит бусаар хуралдуулж, Засгийн газраа огцруулах асуудлыг хэлэлцэж байсан.

 Цаг хугацааны хувьд энэ жилийн ээлжит бусыг  энэ жишгээр хугацааг нь товлож мэдэх юм.  

М.Нэргүй
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/25a06216g