06.11

ШХАБ-д элсвэл “Нугасны муухай дэгдээхэй” л болно

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “жинхлүүлэх” гэж зүтгүүлээд байгаа ШХАБ-д элсвэл бид ер нь яах бол гэсэн асуулт олны анхааралд байна. В.Путин таван жилийн өмнө ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх албан ёсны журам батлах санал гаргаж байв.

Мань эр Бишкект болсон уулзалтын үеэр Энэтхэг, Пакистанаас гадна манай улсыг элсүүлэх төлөвлөгөөгөө ил тод зарлаж байсан удаатай. В.Путины санал болгосон гурван улсаас хоёр нь буюу Энэтхэг, Пакистан өдгөө ШХАБ-д албан ёсоор харьяалагдаж байна. Монгол Улс Евразийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлдэг ч өнөөдүүл нь тоож авч хэлэлцдэггүй, ШХАБ л элсээч гэж урьж залдаг ганц том байгууллага гэж учир мэдэх улс өөр зуураа зүгээр ч нэг ярилцдаггүй. Уул уурхайн баялагтай Монгол дахь Америкийн нөлөөг багасгах Орос, Хятадын сонирхол энэ шахааны цаана нэгддэг гэсэн хардлага дуулддаг. Сэмхэн ярьж тохироод аль нэг нь хөнгөхөн няслахад л хэцүүдэх улс учраас мэдээж ил тодоор ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохгүй энэ тэр гэж зарлах нь хоёр их гүрний дундах жижигхэн улсад аюултай. Монголын нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн “Монгол Улс нь Швейцарь лугаа төвийг сахисан орон байваас зохилтой” гэж хэлснийг ийм үед санаж сэрж, бодлого шийдвэртээ тусгасан шигээ аж төрмөөр санагддаг. Тэгэхээр ажиглагч гишүүн гэсэн өнөөгийн статусаа хадгалж, эсэргүүцэхгүй ажиглаж төвийг сахих л хамгийн зөв зам гэж харагдаад байна.

АВТОРИТАРУУДЫН КЛУБ

Эхлээд энэ байгууллагад нэгдсэн орнуудын улс төр, засаглалыг харъя. Урд хөршийн хувьд ойлгомжтой. Засаглал нь бидний сонгосноос өөр замаар өрнөдөг. Нэг намын тогтолцоотой, ганц том даргатай. Үндсэн хуулиндаа саяхан өөрчлөлт оруулж төрийн тэргүүний дахин сонгогдох эрхийг хязгааргүй болгочихсон. Тэгэхээр улсынхаа мөнхийн удирдагч хэвээр аж төрөхөд Си даргад ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг. Хойд хөршийн тухайд хүчтэй цорын ганцхан лидертэйг сүүлийн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийнх нь сонгуулийн дүнгээс харчихаж болно. Путин, Путин, Путины хүн Медведев, Путин гэсэн жагсаалт ирэх сонгуулиудаар Путин, Путины хүн, Путин гэх маягаар үргэлжлэх нь хэтэрхий тодорхой асуудал. ШХАБ-т хожим элссэн Энэтхэг гэхэд л кастын системтэй. Доор байгаа хүн дээшээ цойлох боломжгүй нийгэм. Жирийн хар арьст хүү ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг Энэтхэгт бол үлгэр. Казахстан Назарбаеваас өөр удирдагчгүй. Байх ч боломжгүй. Түүх нь угаасаа тийм.

ШХАБ-ын гишүүн Тажикистан улс ч Казахстанаас ялгарах юмгүй. 1992 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Эмомали Рахмон өнөө хүртэл төр барьж яваа. Түүний толгойлдог Тажик улсын ардын ардчилсан нам олон жилийн турш дангаар шахуу засагласаар өнөөг хүрсэн. Коммунист, Эдийн засгийн шинэчлэлийн, Хөдөө аж ахуйн гэх мэт тодотголтой сул гэж жигтэйхэн, ганц хоёр суудлаас хэтэрдэггүй хэдэн намтай. АНУ-ын “Фрийдом хаус”-ын Дэлхий дахины эрх чөлөөт байдлыг судалгаагаар энэ улс эрх чөлөөгүй гэсэн ангилалд багтсан удаатай. Эрх чөлөөгүй ангилалд багтсан шалтгааныг нь судлаачид “Суперпрезидентизм” буюу ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олгосон явдал гэж тайлбарладаг. Узбекистан ч “Фрийдом хаус”-ийн судалгааны эрх чөлөөгүй гэсэн ангилалд дурайж байна. Шалтгаан нь сая онцолсон “суперпрезидентизм”. Узбекистан ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан улсуудын нэгд зүй ёсоор багтдаг.

Олон жил нэг хүний, гэр бүлийн дарангуйлал мэдэлд явсан гэгддэг Киргизстаны хувьд сүүлийн үед байдал арай наашилж буй. 1993-2011 он хүртэл ерөнхийлөгчийн засаглалаар явсан энэ улс одоо парламентын засаглалтай. Пакистаны тухайд ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан. Энэ орныг судлаачид исламын шашны хэлбэр шингэсэн улс төрийн үзэлтэй, эрх баригчид нь улс төрийн нам, шашны байгууллага, цэргийн хүчний гэсэн гурван хэсэгт хуваагддаг, байнгын зөрчилтэй гэж тодотгодог. ШХАБ-ын 13 дахь уулзалтын өмнөхөн яг өнөөдрийнх шиг “Монгол Улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болно” гэсэн гарчигтэй мэдээлэл цацагдаж байсан удаатай. Тухайн үед өрнөдийн хэвлэлд “Гуравдагч хөрш гэж ярих дуртай монголчууд авторитаруудын клубт элсэх нь” гэж зүгээр ч нэг онцолж мэдээлээгүйг ШХАБ-ын гишүүн орнуудын засаглалаас харж болно.

Харин Монгол бол өөр. Азидаа ардчиллын жишиг загвар гэж үнэлэгддэг, парламентын засаглалтай, гуравдагч хөршүүдтэйгээ түншийн хэмжээнд харилцдаг, хэн нэг нөхөр хэдэн үеэрээ ноёлох боломжгүй ардчилсан засаглалтай улс. Монгол гэдэг улсын төдийгөөс өдий хүртэлх түүхийг ганц өгүүлбэрт багтаа гэвэл ерөөсөө л хоёр хөршийнхөө нөлөөнөөс гарч гуравдагч хөрштэй болох тэмцэл байсан. Цагаан морин жилийн хувьсгалаар олсон хамгийн том олз гэвэл энэ. Ялимгүй хэтрүүлбэл 200 жил Манжийн эрхшээлд, бараг зуун жил Оросын хараанд байсан Монгол Улс 28 жилийн өмнө дэлхийд үүдээ нээж, гуравдагч хөрштэй болсон түүхтэй.

Үүсэл түүхийг нь хөөвөл бидний гуравдагч хөрш гэж хардаг, харилцдаг барууныхны эсрэг чиглэж нэгдсэн байгууллагад багтвал 1990 оны хувьсгалын амин сүнс алга болно. Бүр цаашлуулж яривал монголчуудын хэдэн зуунаар зорьж хүсч ирсэн тэмцлийн утга учир алдагдана.

Ерөнхийлөгчийг ШХАБ-д элсэхийг уриалснаас хойш энэ асуудлаар учир мэдэх улс байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний нэг нь ахмад дипломатч Ц.Гомбосүрэн. Гадаад харилцааны сайдаар ажиллаж явсан энэ эрхэм “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй” гэсэн юм. Дараагийн онцлох эшлэл мөн л Гадаад харилцааны сайдын албыг хашиж явсан хүнийх. Ц.Мөнх-Оргил гишүүн “Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Эргэж харахаас аргагүй болгоомжлол.

ХЭВЛЭЛИЙН ЭРХЧӨЛӨӨ БУЮУ ТЭС ӨӨР ЗУРАГ

ШХАБ-ын улсуудын хэвлэлийн эрх чөлөөг өөрсөдтэйгөө харьцуулахад эрс тэс дүр зураг харагдаж байна. ЗХУ-аас тасарсан, өнөөг хүртэл нэг хүний дарангуйллаас гарч чадахгүй яваа “стан”-ууд, улстөр нь шашинтайгаа хэт холилдсон Пакистан, кастын системтэй Энэтхэгийг алгасаад хоёр хөршийнхөө үнэлгээг сонжъё. Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг, нэр нөлөө бүхий “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөө” индескийн жагсаалтад хойд хөрш 148-д, урд хөрш сүүлээсээ гуравт буюу 176-д жагссан бол Монгол Улс 71-т эрэмбэлэгдэж. Бид тэднээс хэр өөр вэ гэдгийг энэ тоонуудаас харчихаж болно. “Монгол Улс өмнөхөөсөө хоёр байраар ухарчээ, уг нь бид 175-д байсан шүү дээ” гэж ирээд харамсаж халагласан мэдээлэл хэвлэлээр хөвөрснийг тод санаж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болчихвол хоёр биш хорь, гучин байраар ухрахыг үгүйсгэх аргагүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ГАНЦ Ч ТӨСӨЛГҮЙ НЭГДЭЛ

Монголд хэрэгжиж байгаа, Монголын эдийн засгийг өдий дайны өсгөж буй хамгийн том төслийн хөрөнгө оруулагч нь гуравдагч хөрш. Төмөр замыг эс тооцвол хойд, урд хөршийн нөлөө бүхий том төсөл өнөөхөндөө байхгүй. Тэгэхээр ШХАБ-ын гишүүн болвол эдийн засаг маань яах бол, гуравдагч хөрш биднийг хэрхэн харах вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавихаас аргагүй. ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаас Орос, Хятадаас бусад нь манай улсад эдийн засгийн хувьд ямар ч ашиг өгөхгүй. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ сүүл мушгидаг Тажикстан, хөвөн, тамхи, эрчим хүч гэсхийгээд экспортолдог бүтээгдэхүүнийх нь жагсаалт дуусдаг Киргизстан, газар нутаг, соёл түүх, эдийн засгаар нь яаж ч холбох гээд ойртохгүй Энэтхэг, Пакистантай доллар, харилцан ашигтай наймаа яриад хэтээсээ нэмэр багатай. ШХАБ-д нэгдсэнээр Орос, Хятадыг холбосон хийн хоолой, авто зам манайхаар дайрна гэх мэт эдийн засгийн өгөөжийн тухай яриа ид хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд ШХАБ эдийн засгийн өгөөжтэй нэг ч том төсөл хэрэгжүүлээгүй гэсэн бодитой тайлбарууд ч дуулдаад эхэллээ.

Нийтлэлч Баабар “Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга” гэсэн бол ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр “Одоогоор ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа тодорхой том төсөл, хөтөлбөр байхгүй” гэж байна. Орос, Хятадтай хамтарч эдийн засгийн том төсөл хэрэгжүүлье гэвэл заавал ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурь бас бий. “Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт”-аар том асуудлуудаа шийдээд хөдөлгөөд явах боломжтойг учир мэдэх улс аль хэдийнээс ярьж хэлээд яваа.

ДОТРОО СӨРГӨЛДСӨН ШХАБ

Гишүүн нь болохын тулд энэ байгууллагыг чухам ямар зорилготой вэ гэдгийг анзаарч судлах учиртай. Дэлхийн судлаачид ШХАБ-ыг эдийн засгийн нэгдэл үү, улс төр, цэрэг дайны эвсэл үү гэдэг дээр өнөөг хүртэл байр суурь нэгдээгүй байна. Америк, Европын орнууд ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж хардаг. Тэд ШХАБ-ын дүрэмд НАТО, АНУ, Зүүн Азийн цэргийн эвсэлтэй сөргөлдөх агуулга бүхий заалтууд бий хэмээн мэдэгдсээр байгаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “ШХАБ нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлалтай” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “ШХАБ бол НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Дэлхийн анхааралд байдаг асуудлын нэг нь ШХАБ-ын гишүүдийн толхилцоон, сөргөлдөөн. Энэтхэг, Пакистаны хилийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байна. Тажикстан Узбекистан улсууд урсгал голын эзэмшил, ундны усныхаа нөөц дээрээ маргасаар суугаа. Энэ асуудлаа бүр зэвсгийн хүчээр шийдэх гэж оролдсон удаатай. ШХАБ-ын гишүүдийн толхилцооныг үргэлжлүүлж тоочвол урд хөрш Тажикстаны газар нутгийн маргаан байна. Урд хөрш энэ нэгдлийг эдийн засаг талаас нь харж бүс нутагтаа 84 тэрбум ам.долларын хөрөнгө цацаад байгаа бол хойд хөрш ШХАБ-ыг улс төрийн зэмсэг болгох эрмэлзэлтэй гэсэн эсрэг тэсрэг хандлага бас анзаарагддаг.ШХАБ дотооддоо ийм олон асуудалтай ч Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар анхаарал татдаг. Иран ШХАБ-ын жинхэнэ гишүүн боллоо л бол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш Америкийн хоригт орно гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл бид энэ байгууллагын жинхэнэ гишүүн болвол Америкийн хоригт багтана гэсэн үг. Тэр цагт гуравдагч хөрш гэсэн бодлого утгаа алдана гэдэг нь хэнд ч тодорхой асуудал.

ШХАБ-Д ЖИНХЛЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Хятад судлаач Ч.Сумъяагийн саяхны нэг нийтлэлд энэ тухай их тод дурдсан байсан. АНУ бодлогын барим бичигтээ Хятадыг өрсөлдөгч гэж тодорхойлсоор байгаа үед, Оросын зарим төрийн байгууллага, компани хувь хүнд чиглэсэн хоригоо АНУ, Европ цуцлаагүй цагт ШХАБ-т жинхлэх эрсдэлтэй гэсэн судлаачийн дүгнэлт ултай санагдсан. АНУ тэргүүтэй барууны орнуудын ШХАБ-д нэгдсэн улсуудтай өрсөлдсөн, үл ойлголцсон байдал ойрын таваас арван жилд намжихгүй гэсэн судлаачдын таамаг бий. Бас ШХАБ-ын төсөв санхүү НҮБ, Европын холбоо шиг ил тод биш гэсэн шүүмжлэл өнөөдрийг хүртэл хүчтэй өрнөж байна.

Монгол ШХАБ гэсэн малгай доор нэгдсэн жинхэнэ гишүүдээс олон зүйлээрээ ялгаатай. Ардчилсан сонгуультай, эрх чөлөөтэй, ардчиллын баян бүрд гэсэн тодотголтой. ШХАБ-д нэгдвэл дэлхийн газрын зураг дээрх энэ онцлог маань бүдгэрэх эрсдэлтэй. Шуудхан хэлэхэд ШХАБ-д жинхэлснээр бидэнд алдах зүйл их, унах унац нь харин хар зам төдийхөн харагдаж байна. Гэхдээ хар замгүй үлдэх ч эрсдэл бийг мартаж болохгүй. ШХАБ гэсэн нэгдлийг анзаарах нь ээ ОХУ, Хятадаас бусад нь хэцүүхэн харагддаг. Хөрөнгө оруулагчдад найр тавьж, Хятадаас мөнгө татсаныхаа хүчинд Казахстан овоо яваагаас биш Тажикстан, Узбекистаны эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр байна. Тэд ШХАБ дотроо “нугасны муухай дэгдээхэй” шиг харагддаг нь бодитой үнэн.

Манай улс ШХАБ-д элсчихвэл тэднээс ялгарахгүй. Хоёр хөршдөө гологдсон, шоовдорлогдсон, босго бараадаж суусан нунж дорой царай муутай дэгдээхэй л болно. Харин ШХАБ-ын ажиглагч гишүүн хэвээр үлдвэл гуравдагч хөрштэй, гуравдагч хөршийн хөрөнгө оруулсан том төслүүдтэй, ардчилалтай, эрх чөлөөтэй, улс орнуудын элдэв үймээн сөргөлдөөнөөс хол, хоёр хөршдөө гологдож шоовдорлогдохгүй амар жимэр аятайхан амьдрахаар харагдаад байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин