04.30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баяр хүргэсэн захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баяр хүргэсэн захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд захидал илгээлээ.

Захидалд:

Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Энэ харилцааг цаашид шат ахиулан хөгжүүлэхийн төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай нягт хамтран ажиллахын төлөө байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Өмнөд, Умард Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Зүүн хойд Азид энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход чиглэсэн Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны санаачилга биеллээ олж, Солонгосын хойгт энх тайвны шинэ эрин үеийг тогтоох эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.