04.13

М.Энхболд: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэн боловсруулъя

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт сэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ.

2017 онд шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17 настай, 42.7 хувь нь 18-29 насныхан байна. Ял шийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Өмнөх онтой харьцуулахад ял шийтгүүлсэн 14-15 насныхны тоо 3.5, 16-17 настай хүүхдийн тоо 23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувь өсчээ.

Улсын хэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 53.4 хувиар өсөж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувь нэмэгдсэн байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр хянагдаж, өөрчлөгдөх нь байдаг ч ял шийтгүүлэгчдийн 48 орчим хувийг өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн.

Үүний шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна, хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртхууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ.

Энэ зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.

Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүнд ногдуулах ял, шийтгэлийн бодлогыг оновчтой тогтоож чадсан эсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе.