04.03

Д.Сумъяабазар сайдын Баялгийн сангийн талаарх ОНЦЛОХ 9 ЭШЛЭЛ

Дэлхийд үлгэр жишээ, хамгийн том баялгийн сантай улс бол Норвеги. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулан 1967 онд төр түшиглэсэн баялгийн сангийн суурийг тавьж, 1990 оноос олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж чаджээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд шилжих шөнө баялгийн сангийн хөрөнгө нь түүхэндээ анх удаа нэг их наяд (1,000,000,000) ам.долларт хүрснээ зарласан. Үүний жишгээр баялгийн сан байгуулахыг байгалийн баялагтай улс орон бүр зорьж байна.

Сайн жишээ нь манайхтай адил 1990 онд нийгмийн шилжилт хийсэн Казахстан Улс. Тус улс Норвегийн баялгийн сангийн загварыг шууд хуулсан байдаг аж. Норвеги нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бол Казахстан Улс 2030 он гэхэд дэлхийн “Топ-30” улсын нэг болох зорилт тавин хөгжиж байна.

Харин эдгээр улсаас ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улсын хувьд баялгийнхаа орлогыг бүгдийг нь зарцуулаад ч гурван монгол хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байна. Үүний шалтгаан нь баялгаа удирдах Баялгийн сангүй, түүнийгээ түших нэгдсэн бодлогогүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотой. 2006-2017 онд долоон Засгийн газар энэ асуудлыг хөндөж, ярьсан байдаг.

Гэвч халамжийн болон аль нэгэн улс төрийн хүчин сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авах хэрэгсэл болгон ашигласнаар Баялгийн сан үнэн хэрэгтээ “Баялгийн нүх” болон хувирсан түүхтэй. Өмнөх Засгийн газруудтай төстэй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын томоохон амлалтын нэг бол газрын хэвлий дэх баялгийг хэдэн гэр бүлийн төлөө бус нийт иргэдэд өгөөжтэй, шударга хуваарилалтыг бий болгох явдал.

Харин Монгол Улс Баялгийн сантай болох ёстой, монголчууд түүнийхээ үр өгөөжөөр сэтгэл хангалуун амьдрах ёстойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын Баялгийн сангийн талаар хэлсэн онцлох есөн эшлэлийг хүргэе.

1. БИД 12 ЖИЛИЙН МӨЧЛӨГ АЛДСАН
Монголын төр хөрөнгөө буруу удирдаж ирлээ. 2006 онд Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” компанийг байгуулахдаа хөрөнгийн зөв удирдлагатай болохыг нь чиглэл чиглэлээр нь заагаад өгчихсөн. УИХ, Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг хангалттай гаргаж, эрх зүйн талаас нь нээж өгсөн. Чухам яагаад хэрэгжүүлдэггүй гэдгийг гайхаж байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 12 компани бий. Компани бүр ТУЗ-тэй, олон захирлуудтай хэд данхар бүтэцтэй.

2. МОНГОЛЫН ТӨР БАЯЛГАА АЛБАН ЁСООР БҮРТГЭЛЖҮҮЛЭЭГҮЙ
Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг гэж гарсан. Харин дээрх гурав тэргүүтэй 12 төрийн өмчит аж ахуйн нэгжийн толгой компани “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр ердөө 109 сая төгрөгийн өмч бүртгэлтэй байна.

3.БАЯЛГАА ТЭГШ ЭЗЭМШҮҮЛЖ, ЭДЛҮҮЛЭХ АРГА ЗАМ БОЛ БАЯЛГИЙН САН
Уул уурхайн асуудал эрхэлсэн сайдаар томилогдоод төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани дээр суурилсан Баялгийн сан байгуулах ёстой гэдгийг олж харсан. “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй, ашиглагдаж байгаа дөрвөн ордыг баялгийн сангийнхаа үндсэн суурь болгоно. Цаашид төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон газруудаа төр өмчлөлдөө авч, үүндээ суурилсан хяналтыг баялгийн сангийн нэгдэл тавиад явна гэж ойлгож болно.

4.ҮНДЭСНИЙ ЗЭС КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
Бидэнд хугацаа алга. Тиймээс миний хувьд баялгийн сангийн суурь болгож хамгийн боломжит гурван цэгт төвлөрч ажиллана. “Эрдэнэс-Таван толгой”, “Оюутолгой", “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувийг нэгтгэсэн Үндэсний зэс корпораци байгуулах гэсэн. Мөн “Алт-2” хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ “Алт-2” хөтөлбөрийг бичил уурхай буюу нинжа маягаар явуулахгүй. 

5.БАЯЛГИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТ МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БАЙХ ЁСТОЙ
Өнгөрсөн 27 жил уул уурхайн баялгийг хэсэг бүлэглэлийн хэмжээнд явуулах гэж үзээд болсонгүй. Нэг хэсэг гэр бүл л далайн чинадад тансаг амьдраад байж болохгүй. Бид баялгийн сангаар дамжуулан хуримтлал бий болгох ёстой. Уул уурхайн салбар шавхагддаг салбар. Норвегийн баялгийн сан шууд бусаар иргэддээ үр дүнг өгөөжтэй хүртээж байгаагийн адилаар Монголын баялгийг удирдах бүрэн боломжтой.

6.БАЯЛГИЙН САН УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС ИЛ ТОД АЖИЛЛАХ ЁСТОЙ
Баялгийн сан амжилттай ажиллахын гол үндэс нь улс төрөөс хараат бус, мэргэжлийн баг удирдах асуудал. Мөн ил тодын зарчим дагалдана. Тиймээс баялгийн сангийн асуудлыг улс төрөөс салгах ёстой. Шаардлагатай бол чадварлаг менежментийн багийг нь сонгуулийн гурван цикл буюу 12 жилээр урьж ажиллуулж болно.

7.БИ БИШ БИД ХАМТААРАА ХОЖИХ ЁСТОЙ
Уул уурхайн салбар цэгцэрвэл бусад салбар дагаад цэгцэрнэ гэдэг ойлголт надад төрөх болсон. Үүнийг цэгцэлж байж Монгол Улсын хөгжлийн замдаа орно. Үүний тулд улс, олон нийт хожих ёстой гэдэг дүрмээр бүгд тоглох ёстой. Би биш бид хамтаараа хожих ёстой.

8.НЭГ САЯ ТӨГРӨГИЙН 1,072 ХУВЬЦАА 10 САЯ ТӨГРӨГТ ХҮРЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ
Банк санхүү, уул уурхайгаар битгий оролд гэж УИХ-ын гишүүдэд хэлмээр байна. Тэгсэн атлаа өөрсдөө мөнгөнд нүгэлтэй дуртай. Би хариуцаж байгаа сайдын хувьд надад нэг мөрөөдөл бий. Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулаад, Ерөнхий сайдтай хамт хөрөнгийн биржийн цан цохих. Дэлхийд Нью-Йорк, Торонто, Хонконг гэх гурван сонгодог бирж бий. Хонконг бол Азийн санхүүгийн төв.

Тиймээс Хонконгийг офшорын жагсаалтаас гаргахаас өөр арга зам байхгүй. Энэ бүлэг ордыг эзэмшиж буй аж ахуйн нэгж дэх ард иргэдийн эзэмшлийн хувьцааг тусад нь гаргаад, Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр санал болгох ёстой. “Эрдэнэс-Таван толгой”-н 1,072 ширхэг хувьцаа үхмэл биш. Баялгийн сан жинхэнэ утгаараа ажиллаад эхэлбэл, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,072 хувьцаа 10 сая төгрөгт хүрэх боломж нээгдэнэ гэж харж болно.

9. БИ БОЛ ИХ МОНГОЛ БАЙГААСАЙ Л ХҮСЭЖ БАЙНА
Бид эдийн засгийн хувьд тусгаар тогтнон гарч ирж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгвэл өнөөдөр улс төрийн олголцлын цаг үе тохиогоод байна. УИХ-д “65"-ын нэг бүлэг болон Ардчилсан намын есөн хүнтэй бүлэг байна. Монгол Улсын төлөө хийж байгаа алхам учраас Ерөнхийлөгчтэй ч ойлголцох бүрэн боломжтой.

Дараагийн боломж бол ашигт малтмалын үнийн өсөлтийг ашиглаж чадахгүй бол дахиад хойшилно. Ерөөсөө л Монголын төр бодлогоо томруулах ёстой. Төв Азийн чээжинд тодрон гарах Монгол Улс байх юм уу, эсвэл өөр хоорондоо нэг нь нэгийгээ дэгээдэж унагаадаг жижиг улс байх юм уу. Би бол Их Монгол байгаасай л хүсэж байна.