03.29

Элчин сайд Ё.Отгонбаяр итгэмжлэх жуух бичгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гарагт/03.23/ Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан.

Тэрбээр жуух бичгийг гардуулан өгөхдөө "АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ” гээд Итгэмжлэх жуух бичгийг гардуулсан юм.

Тэгвэл Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. Энэ талаар ГХЯ-ны цахим хуудаст мэдээлжээ.