03.13

Г.Занданшатар: Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага, ОУ-ын байгууллагуудын оролцоо чухал

"Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна 

  Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

  Дэлхийн улс орнууд аж үйлдвэржсэн эринээс мэдээлэлжсэн эринд шилжих үйл явц улам эрчимжиж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хүрээнд цахим мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлж, хөгжлийн хурдасгуур болгон хэрэглэж байна.

   Мөн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталж, хэрэгжүүлж байна.

Тус бодлогад туссан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд:

o  “төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй шинэ арга технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний инновацийг чиглүүлэх”,

o  “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, төрийн ой санамж, бодлогын тогтвортой байдлыг хангах”,

o  “Хөгжлийн бодлого боловсруулагч нарыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулж, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”

-  Төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

o  Төрийн байгууллагын мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлж, төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоо “ХУР” системд төрийн байгууллагын мэдээллийг бүрэн байршуулж, ашиглалтыг сайжруулах

-  Аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхлүүлэх зорилтын хүрээнд:

o  Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформ байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих тогтолцоог бий болгоно;

o  Аж үйлдвэржилтийн нэгдсэн мэдээллийн платформд үндэслэн экспортын “Нэг цонхны худалдаа, үйлчилгээ”-г хөгжүүлнэ;  гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй 6000 боловсруулах үйлдвэрийн мэдээллийг цахим платформд нэгтгэх  ажлыг 2018 оны 1 сарын 17 өдөр улс орон даяар эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээг 2018 оны 4 сарын 17-д бүртгэж дуусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Цахим засгийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэхээр тусгасан.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн “22.3.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бодлогыг уялдуулан зохицуулах хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.”,

“22.4 .. 22.3-т заасан мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус батална.”,

“22.5.Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлнэ.” гэж заасныг Үндэсний хөгжлийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуульд заасан хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болсонд баяртайбайгаагаа илэрхийлье.

Төслийг хэрэгжүүлснээр хоорондоо харилцан уялдаатай, салбар хоорондын мэдээллийн цогц систем ашиглах боломж бүрдэж, бодлого боловсруулагчид болон Олон Улсын байгуулагуудыг шаардлагатай бодит үнэн зөв мэдээллээр хангах болно.  

  Цахим засаглалыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын идэвх санаачлага, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо өндөр ач холбогдолтой тул төслийн үйл ажиллагаанд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.