01.11

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.01.11) нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна нэмэгдэл олгодог хууль 2008 онд батлагдан хэрэгжиж байна. Улсын Их Хурал Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийг 2008 онд баталж, тус хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлын 2008 оны 33 дугаар тогтоолоор, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус  батлан хэрэгжүүлж байсан. Энэ арга хэмжээнд нийт алдар цолтой 2440 ахмад настан хамрагдаж, 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан гэлээ. Улсын Их Хурлаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт алдар цолтонд сар бүр олгох нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг хуульд тусгасан байна. Тиймээс энэхүү хуульд нийцүүлэн алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан (1990-1992) Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг нэгдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд гишүүдийнх нь олонх хэлэлцэхийг дэмжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Л.Болд нар тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
2018 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэх эх үүсвэр болгож 117 тэрбум төгрөг тусгасан. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 388 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд дээрх хэмжээний эх үүсвэр нь багагүй хөрөнгө гэдгийг салбарын сайд С.Чинзориг онцолж байв. Энэ хөрөнгөө нийт тэтгэвэр авагчдадаа хуваахаар 2018 оны нэгдүгээр сараас нэмэх юм бол дунджаар 8 хувь болно. Нийт татвар авагчдын 60 орчим хувь нь хамгийн бага хэмжээгээр буюу сард 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Иймд тэтгэврийн хэмжээг нийтэд нь хувь тогтоож нэмэгдүүлэх биш харин тодорхой мөнгөн дүнгээр хоёрдугаар сарын 01-нээс нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэв. Мөн тэтгэвэр авагчдынхаа иргэдийн орлогод бодит дэмжих зорилгоор арилжааны нэр бүхий банкуудтай зөвшилцөн нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувийн хүүтэй болгосон гэлээ. Мөн зээл авсан ахмад настны сар бүрийн тэтгэврийг нь 100 хувь эргүүлэн зээлийн төлөлтөд авдаг байсныг өөрчилж 70 хувь болгон бууруулж, сарын хэрэглээнд зориулж 30 хувийг гар дээр нь олгож байхаар зээлийн нөхцлийг сайжруулсан гэлээ. Мөн ахмадуудын тавьж буй хүсэлтийн дагуу тэтгэврийн хэмжээний зөрүүг арилгах, итгэлцүүрийг шинэчлэх асуудлыг төсөв, санхүүгийн бололцоотой бол ойрын хугацаанд хийх, халамжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, Статистикийн төв газраас зарлаж буй амьжиргааны төвшинтэй дүйцүүлэх тогтолцоонд оруулах нь шаардлага бий гэдгийг С.Чинзориг сайд тайлбарлалаа. Мөн халамжийн чиглэлээр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн.

Ингээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүллээ.