12.12

Н.Энхбаяр У.Хүрэлсүхээс тусламж хүсчээ

  Нэгэн цагт МАН-ын лидер улстөрч, Монгол төрийн бүхий л дээд сэнтийд заларч явсан Н.Энхбаярын хамгийн сүүлчийн найдвар МАХН-ыг нэг муу амных нь салиа арилаагүй банди булаагаад авчихсан. Учир нь О.Баасанхүү МАХН-ын хэсэг нөхдийг уруу татан Төрийн ордонд хуралдуулаад өөрийгөө намын даргад өргөмжилчихөв. Үүний маргааш Н.Энхбаярын фракц хуралдаад энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, хууль бус хурал хэмээв. Тэгэхээр одоо энэ асуудлыг шүүхээр шийднэ. Тиймээс Н.Энхбаяр Улсын дээд шүүх дээр нөлөөлөх оролдлого хийж эхэлсэн гэнэ. Юуны өмнө тэрбээр МАН-ын дарга, нэгэн цагийн хамтрагч У.Хүрэлсүхтэй уулзсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

            Энэхүү уулзалтаар чухам юу яригдсан нь тодорхойгүй ч Н.Энхбаярын зүгээс МАХН-ыг эргүүлэн авахад тусламж хүссэн. Мөнхүү энэ ажиллагаанд туславал айсуй 2020 оны сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно гэсэн тохироог ярьсан бололтой. Айсуй 2020 оны дүнгээ тавиулчихаад байгаа МАН-ын хувьд бол энэ том боломж. Яагаад гэхээр ирэх сонгуульд МАН сонгогчдын саналыг дийлэнх авч чадахгүй гэсэн прогнозыг хаа хаанаа хийгээд буй. Нийгэм эдийн засгийн байдал ч тэдэнд рейтэнг юүлэхээргүй он цагууд хүлээж буй. Тэгэхээр Н.Энхбаярын энэ санал бол У.Хүрэлсүхэд юу юунаас чухал байгаа. Гэсэн хэдий ч Н.Энхбаярыг арай гэж зайлуулчихаад ахиад хамтраад явалтай биш. Ёстой л “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг болж байгаа байх.

            Энэ тохироо бол маш чухал бөгөөд бас маш ээдрээтэй зүйл учраас нэг удаагийн уулзалтаар шууд шийд гаргачих боломжгүй зүйл юм. У.Хүрэлсүх юуны өмнө МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүд гэхээсээ илүүтэй хамтрагч Х.Баттулгаасаа асуух нь лавтай. Харин Ерөнхийлөгчийн зүгээс ямар команд өгнө, түүгээр явах нь ойлгомжтой. О.Баасанхүүгийн ар талд Х.Баттулга, бүр Ц.Элбэгдорж нарыг байгаа гэх мэдээлэл ч бий. Хэрвээ МАХН-ыг залгина, тэгээд орхи гэвэл У.Хүрэлсх яаж ч чадахгүй. 

Х.Баатар
Шуурхай.мн