08.26

Ерөнхий сайдын “татгалзахын аргагүй санал” -аас татгалзсан гишүүд өнөөх 30 дээр нэмэгджээ

 

Байгалийн намар сэрүүсч, улс төрийн намрын халуу шатаж байна. МАН-д өрнөж байсан үйл явдлууд хэдийнэ савнаасаа хальж улс орны хэмжээний асуудал болж хувирлаа. Мэдээж хэрэг, энэ бол маш муу юм.

Энэ сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа УИХ-д өргөн барьсан юм. Хэдийгээр тэдний саналыг УИХ-ын дарга өөрийн биеэр гардаж аваагүй ч тэр өдөр нь УИХ дахь АН-ын бүлгээс мөн л ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлтийг хүргүүлжээ. Түүнээс хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлтийг бас өгсөн байна. Ингэхээр ээлжит бус чуулган яаж ийгээд хуралдах нь тодорхой болж байгаа юм.

Энэ бүхнийг олж харсан Засгийн газар чимээгүй сууж байгаад түлхүүлэхийг хүссэнгүй бололтой.

30 гишүүн санал өргөн барьсан оройноос эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар засгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан, зураагүй, зурах магадлалтай гишүүдийг дуудаж уулзсан байна. Энэ тухай өчигдрөөс Төрийн ордноор ярьж, оройхон бараг л гудамжинд яригдаад эхлэв.

Энэ нь эрхэм гишүүдэд Тавантолгойн орд, Хөгжлийн банкны хөрөнгө, бас бус хэлж болохооргүй зүйлсийг тойрогт нь болоод хувьд нь амласан гэх цочирдом мэдээлэл юм.

Харин энэ уулзалтуудын дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Ч.Улаан нар өнөөх 30 гишүүн дээр нэмэгдэж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ.

Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй аж.

Дээрх мэдээллээс үзэхэд ээн төр засгаар тоглоод эхлэв бололтой. Юуны чинь Тавантолгой, Хөжглийн банк вэ. Энэ бүгд Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат хоёрын өмч үү?

Одоогоос таван сар гаруйн өмнө sonin.mn сайт дээр МАН-ын бүлгийн хурлын талаарх мэдээлэл гарч байжээ. Тэр хурал дээр УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн үг энд бодогдож байна.

“…МАН-ын бүлгийн хуралдааны гол сэдэв  нь гэнэт орж ирсэн концессын асуудал байсан бөгөөд энэ нь МАК компанитай холбоотойгоор нэлээд яригджээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдад хандаж “…Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Үгээ бодож яриарай. “Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн байна. Бие биеэ  рүүгээ хатуу үгсийг харамгүй шидэлцжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ундууцсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэбат аа, ………. минь чи бол Ерөнхий сайд биш Аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болно” гэсэн байна” гэсэн нь байна.

Ер нь бол УИХ-ын дэд даргын хэлдэг үнэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэдхэн жилийн өмнө аймгийн Засаг дарга байсан хүн. Нутгийн олныхоо буянаар эрхэм гишүүд, явсаар Ерөнхий сайд болсон нь үнэн. Гэтэл өнөөдөр албан тушаалтайгаа үлдэхийн тулд “…Арай ч дээ” гэмээр зүйлийг гишүүдэд ярьжээ. Энэ хүн алтан загас уу, аль эсвэл Монголын эзэн хаан уу?

Түүнээс гадна Ж.Мөнхбат байна. ЗГХЭГ-ын дарга гэдэг тун хариуцлагатай ажил. Энэ албыг анх авахад нь сөрөг хүчний гишүүдээс үнэн үг их л ирж байсан даа. Ж.Мөнхбатад нэг үгийг маш чанга, маш хатуу хэлэх хэрэгтэйи байгаа юм. Монголын төр бол казиногийн ширээ биш. Ж.Мөнхбатыг мөрийтэй тоглоомтой холбож л байдаг. Энд тэнд бичдэг, ярьдаг. Гэлээ гээд тэр ингэх эрхгүй. Энэ оны хоёрдугаар сарын эхээр Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн нэрээр “Мөрийтэй тоглоомчдоор удирдуулсаар байх уу … ?!” гэдэг нийтэл бичсэн нь sonin.mn сайтын архивт хадгалаастай байна.

Тэрээ нийтлэлдээ “…Манай нэгэн сайд,хэсэг орон нутгийн удирдлагын хамт Инчоны буудал дээр бууж байна гэнэ. Солонгосын талын урилгаар айлчилж буй.

Онгоцноос буусан оройгоо бөөнөөрөө казинод тоглож өнжсөн аж. Дараагийн өдрүүдэд, албаны арга хэмжээ дуусмагц багаараа казино руу гүйлдэн очиж мөнгө хожих хожигдохыг сөөлжүүлэх ажлыг хийжээ.  Мэдээж, хожихоосоо алдах нь их байсан байж таараа.  Гэхдээ алдаж байгаа мөнгөний хэмжээ нь Солонгосын баячууд ч гол харлахаар их. Сая саяар алдана.

Айлчлалын өдрүүдэд Монголын төлөөлөгчид казинод их орлого оруулсан нь лавтай. Тэдэн шиг өгөөмөр алдаж байгаа “баг” өөр байхгүй юм чинь. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явсан аманцар нэгний сайрхаж байгаагаар 200-300 сая орчмыг алдсан байхаа л гэнэ. Воноор хэлээд байгаа юм уу, төгрөгөөр хэлээд байгаа юм уу” гэж бичсэн байгаа юм. Яагаав, тэр үед засгийн хуралдаанаар баахан хэмнэлт ярьчихаад Солонгос руу бүх Засаг даргаа аваад явчихлаа. Ирэхэд нь “Чингис хаан” нисэх буудлыг зогсоолгүй болтол ОО О1 дугаартай том хар жийпнүүд эзэллээ гээд шүүмжилж л байсан.

МАН-ынхан одоо зогссон нь дээр байх. Хааны алба халаатай. Эзний алба ээлжтэй. Өгөх нь өгч, авах нь аваад одоо дуусгах цаг болсон. Тэдэнд зодолдох, тагналцах чадал байгаа байх. Харин Монголын ард түмэнд үүнээс чинь болоод үүсэх эрсдлийг даах чадал алга.


С.Эрдэнэсанаа
Эх сурвалж: www.news1.mn