07.25

Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн  дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж  албан тоот илгээв.
Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам... нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь нэр дэвшигчийн хувьд 7 дугаар сарын 26-ны өдрөөр, намын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр тус тус дуусах тул дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгджээ.
Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,..., нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.