06.07

Элчин сайд Д.Батсайхан Македони Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Македони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Бүгд Найрамдах Македони Улсын Ерөнхийлөгч Георге Ивановт 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНМУ-ын Ерөнхийлөгч Г.Иванов Элчин сайд Д.Батсайханыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Г.Ивановт уламжилж, Монгол, Македонийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай Олон талт хэлэлцээрт Македони Улс нэгдэн орох асуудлыг македонийн тал судлан үзэж нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Г.Иванов илэрхийлээд хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тэмдэглэж, Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Итгэмжлэх жуух бичиг барихад БНМУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Исмаил Алижи, ЕТГ-ын орлогч дарга, Ёслолын албаны захирал Иле Масалковски, ГХЯ-ны Дипломат ёслолын хэлтсийн дарга Майкл Сибиновски зэрэг албаны хүмүүс байлцав.