05.22

Эрх баригчдаас ч, энгийн иргэдээс ч золиос шаардана!


Аль ч улс орны нийгэмд ихээхэн хор хохирлыг дагуулж буй зүйл бол авлига гэдэгтэй дэлхий нийтээрээ санал нэгдэхээс өөр аргагүй юм.  Түүнчлэн дэлхий нийтэд ядуурлыг, хээл хахуулийг хөгжүүлээд байгаа тогтолцооноос татгалзая, ядуурлыг бууруулахад дэлхий нийтээрээ тэмцэе гэдэг үзэл санаатайгаар Олон Улсын стандартын байгууллагаас өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 индекстэй стандартыг батлаад байгаа юм. Дэлхий нийтээрээ авлигын эсрэг тэмцэх албан ёсны хэрэгсэлтэй болж байна гэхэд болох байх. Тэгвэл манай улсын тухайд энэ стандартыг нэвтрүүлэхэд түүчээлэх ёстой, онцгой анхаарал хандуулах ёстой гэдгийг анхааран ажиллаж байгаа гэх мэдээллийг албаны хүн өгч байгаа юм.

Үнэндээ бол авлига нийгмийн эд эс бүрт нэвчсэн. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахаас өгсүүлээд, нийгмийн бүхий л салбарт “хаалгачаас нь хаан хүртэл” нь зүтгэж байгаад асуудлаа шийдүүлнэ дээ гэдэг гажиг зарчимаар юм бүхэнд хандаж, нөгөөх эрх мэдэлтнүүд нь хэн бэлтэй, хөдөлгөөнтэй, артайд нь асуудлыг нь шийдэж өгнө дөө гэсэн тооцоололтойгоор л ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь булавч бултайх үнэн билээ. Ийм дүр зураг ноёлсон нийгэм эцэстээ хаа хүрэх вэ? гэдэг асуултын хариулт нь авлигаас үүдсэн шударга бус, зүй бус үйлдэл, ялгаварлан гадуурхалтын уршигаар хүний эрх гэдэг юм мөнгөнд дөрлүүлсэн хувь эрх ашгуудад чирэгдэн тээр хол шидэгдэж, нөгөөх ардчилал, тэгш эрх гэхчлэн ёсчлон ярих дуртай ойлголтууд ор нэрийн төдий болж булшлагдах аюултай юм. Угаас авлига, хүний эрх хоёр хоорондоо үл зохицох харш зүйлс бөгөөд авлигын үйлдэл нь хүний эрхийг зөрчих хэрэгсэл болдог гэдгийг энд тодотгоё. Түүнчлэн төрийн байгууллагуудын хүнд суртал, нүсэр шат дамжлага, хөшүүн хойрго ажиллагаа, дутагдал, зөрчил гаргасан ажилтнуудтайгаа хариуцлага тооцох тогтсон, үр нөлөө бүхий арга механизм байдаггүй, үйл ажиллагаа нь хаалттай орчинд явагддаг зэрэг нь авлига, хээл хахуулийг улам бүр ургаж, төлжихөд нөлөөлж байгаа үндсэн нөхцөл болсоор байгааг, авлига нэмэгдэх тусам иргэдэд төрөөс үзүүлэх хүний эрхийн хамгаалал багасч, иргэдийн амьдралд тусах хүндрэл бэрхшээл их байдаг гэдгийг ч шинжээчид хэлдэг юм.

Уг нь манай тухайд авлигын эсрэг тэмцдэг гэх байгууллага бий. Харин байгууллага нь үнэхээр чинээндээ ажиллаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж баталсан. Гэвч цаасан дээр олон хөтөлбөрийг тэрчигт нь үлдээдэг баларсан жишиг бидэнд олон бий. Ер нь бол авлигын эсрэг тэмцэл золиос шаардах тулд эрх баригчид ч, энгийн иргэд ч эрх ашгаа зольж тэмцэж байж л, авлигыг бууруулах биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн