04.26

Л.Болд: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй УИХ танилцана


УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Чуулганы хуралдааны үеэр та УИХ-ын даргад хандаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг парламентаар хэлэлцэх хэрэгтэй талаар хүсэлт илэрхийлж байсан. Яагаад парламентаар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хувьд давж заалдах шатны шүүх ажиллагаа дуусаад, үндсэндээ энэ хэрэг хаагдчихсан. Сүүлийн 18, 19 жил энэ асуудлыг парламент дээр ярихаар мөрдөн байцаалтын шатанд яваа гэдэг байлаа. Мөрдөн байцаалтын явцад байгаа хэрэг рүү УИХ орох нь хуулиараа хориотой. Одоо мөрдөн байцаалт, шүүх ажиллагаа дуусаад байна. Дээд шүүх зөвхөн процедурын асуудлаар гомдол гаргавал хэлэлцэнэ. Ямар нэгэн гэрч, холбогдогч байцаах, хэрэг рүү орох юм байхгүй. Тэгэхээр УИХ танилцах эрх нээлттэй болчихсон гэсэн үг. Одоо гишүүд “Энэ хэлмэгдүүлэлт болчихлоо” гэх зэргээр хэргийн шийдвэр эргэлзээтэй байгаагаа илэрхийлж байна. Юуг нь ч үзээгүй байж гадна талаас ойлголт аваад мэдэгдэл хийгээд байна шүү дээ. УИХ тэгж эргэлзсэн мэдэгдэл хийж болохгүй. Парламент үзэх эрхтэй. Энэ эрхийг ард түмэн бидэнд олгосон. Тиймээс хэргийг үзээд асуудалд шууд хариулт өгөх хэрэгтэй. “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагаа хуулийн дагуу явжээ” эсвэл “Үүн дээр эргэлзээ байна аа” гээд хэлчих ёстой юм. Ийм бололцоо нь парламентад байгаа учраас миний хувьд Хууль зүйн байнгын хороо эсвэл УИХ-ын чуулганд энэ талаар сонсох хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн.

-Таны хүсэлтэд хариулт өгсөн үү?

-УИХ-ын нууцтай танилцах эрхтэй байнгын бүтэц нь Тусгай хяналтын дэд хороо байгаа шүү дээ. Ямар ч байсан УИХ-ын дарга энэ хэргийг Тусгай хяналтын дэд хороон дээр танилцъя. Тэгээд дэд хороо дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороо, чуулганд танилцуулъя гэж шийдвэрлэсэн. Ингэхгүй бол одоо зүгээр л хар таамаг гаргасан, хардсан мэдэгдлүүд яваад байгаа юм.

-Тусгай хяналтын дэд хороо хэрэгтэй танилцаад үзтэл сэжигтэй зүйл гарвал яах болж байна?

-Түүнийг урьдчилж таах арга байхгүй. Гэхдээ энэ хэрэг нэг ёсны ахуйн юм шиг болоод явчихлаа шүү дээ. Тэгвэл тэнд хаалттай хийх ямар нууц байгаа юм бэ. Үнэхээр олон жил хаалттай байлгах ямар нууц байсан юм. Үүнийг УИХ, Ажлын хэсэг үзэж байж “тэр нь нууц байжээ” гэж тогтооно. Харин хууль бус ажиллагаа, хэлмэгдэл, хүний эрхийн зөрчлийг нууж байгаа бол ноцтой асуудал. Тэрийг нь УИХ-ын ажлын хэсэг тогтоох боломжтой.

-Хэрвээ хууль, хүний эрх зөрчсөн асуудал гарвал яах вэ?

-Хуулийн дагуу алхмууд явна шүү дээ.

-Энэ хэрэгт холбогдуулж цөөнгүй хүнийг шалгаж байлаа. Одоо гурван хүнд ял өгөөд байна. Гэхдээ захиалагч нь ил болсонгүй. Таны хувьд хэргийн шүүх хурлыг хэрхэн харж байсан бэ?

-Хууль зүйн процедурыг УИХ-ын ажлын хэсэг тогтоогоод дүгнэлтээ гаргах байх. Гадна талаас нь харж байхдаа би юунд харамсаж байсан гэхээр хэргийн шүүлт хаалттай явагдлаа. Мөн хорих ангид шүүх хурал болсон. Өөрөөр хэлбэл, шүүгчид хуулийн өмнө бүрэн эрх чөлөөгөө эдэлж ямар нэгэн хараат бус байдлаар шийдвэр гаргах тэр нөхцөл бүрдсэн үү гэдэгт би эргэлзээд байгаа юм. Тийм болохоор үүнийг үзэж тогтоох хэрэгтэй. Шүүх хурлын бүрэлдэхүүн хэнээс ч хараат бусаар зөвлөлдөж шийдвэр гаргадаг. Гэтэл хорих анги гэдэг байнгын бүх өрөө тасалгаа нь хяналттай байдаг газар шүү дээ. Хорих ангид шүүх хурал явуулахаар тэр бололцоо хязгаарлагдмал байдаг гэсэн үг. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байхад хэн ч ингэж тэрнийг ажиглаж чагнаж, сонсож, бичлэг хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр шүүгчид өөрсдийнхөө яг бүрэн эрхээрээ гаднын ямар нэгэн хараа хяналтгүй, шахалт дарамтгүйгээр шийдвэрээ гаргах тэр нөхцөл бүрэлдсэн үү гэдэгт жишээ нь надад эргэлзээ үлдчихэж байгаа юм. Дээр нь хэргийг хаалттай хэлэлцсэн. Бүх юм нь далд болчихоод хүмүүс зөвхөн шийдвэрийг нь сонсож байна. Тэгээд түмэн таамаглал гараад нийгмийг хоёр хуваачихаад байгаа нь өөрөө маш буруу юм. Үүнийгээ засах бололцоо УИХ-д байна гэж харж байгаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ, Засгийн газар дээр Ажлын хэсэг байгуулагдсан. МАХН цоо шинэ Үндсэн хууль хийлээ гэж байна. Үндсэн хууль батлалцсан хүний хувьд эдгээрийн хэлэлцүүлэгт та оролцож байна уу?

-Энэ процессоос бол намайг жаахан хөндий байлгаад байгаа. Гэхдээ энэ сарын 29-нд хийх хэлэлцүүлэгтээ урьсан байна. тэнд үгээ хэлнэ. Өмнө нь нэг хэлэлцүүлэг хийхэд би орж хэлсэн. Ер нь эрх баригчид хэлэлцүүлэг гэх мэт ажил хийж буй мэт дүр үзүүлж байгаад Үндсэн хуульдаа халдах том хөдөлгөөн рүү яваад байна. Үүнийг бол маш буруу гэж бодож байгаа. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцлийн гэрээ юм. Одоогийн Үндсэн хуулийг ардчилсан хувьсгалын дараа нийгмийн байгуулал шилжиж байж хийсэн. Цаашдаа үнэхээр тодорхой нэмэгдээд засч сайжруулах юм байгаа бол нэмэлтийн хуулиудаа нийт ард түмнээрээ хэлэлцүүлээд, санал хураагаад шийдэж болно. Өнөөдөр манай Ерөнхий сайдад эрх мэдэл дутаад байна, манай нам ийм зүйл хүсч байна гэсэн ийм явцуу эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд халдах асуудал ярьж байгаа нь өөрөө маш буруу. Хэлбэр нь гэсэн буруу явж байна гэсэн үг. Өөрчлөлтийг иргэдээс асуухдаа Зөвлөлдөх санал асуулгын чиглэлээр хийнэ гэж байна. Энэ бол их хортой. Үндсэн хуулийг тохиолдлоор хэдэн хүн сонгоод тэд нараараа хэлэлцүүлдэг юм биш. Хэлэлцвэл нийт ард түмнээрээ хэлэлцдэг, парламентаараа баталдаг юм. Өөрөө маш тодорхой процедуртай, нарийн чанд дэглэмтэй асуудал шүү дээ. Харин нэг газар гүүр барих, автобусны буудлыг шийдэх гэх мэт дээр зөвлөлдөх ардчиллыг хэрэглэж болно. Төрийнхөө тогтолцоог өөрчлөх асуудлыг зөвлөлдөх ардчиллаар шийднэ гэдэг бол өөрөө дэндүү харалган зүйл.

-УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Тайм сэтгүүл мянганы шилдэг хүнийг шалгаруулахад Турк улс даяараа зохион байгуулалттайгаар Ата Турк гэсэн санал явуулсан. Ингээд бусад янз бүрийн хүнд санал өгсөн дийлэнх ялагдсан. Тиймээс олон нийт хэн нэгний ухуулгад автах магадлалтай учраас санамсаргүй байдлаар сонгогдсон хүмүүст мэдээлэл өгөөд зөвлөлдөх байдлаар явуулах нь зөв юм” гэж байсан санагдаж байна?

-Мянганы хүн, энэ оны хүн зэргийг тэгж болно. Тэр бол яг зөвлөлдөх санал асуулгаар хийдэг ажил юм. Харин Үндсэн хуулийн тогтолцоог бол болохгүй. Тодорхой хүчний, гадны хүний нөлөөлөл орох юм бол 1000 хүн буудалд буулгаад, хоолыг нь идүүлээд тархи толгойг нь угаахад бол дуртай шийдвэрээ гаргаж болохоор байгаа биз. Монголын төр гэдэг чинь ийм эмзэг байж болохгүй. Тиймээс ард түмнээс олон шалгуураар гарч ирсэн парламент гэж бий. Энэ чинь үүнийгээ ярьдаг мэргэжлийн хуулиараа үүрэг хүлээсэн байгууллага нь юм. Үүний хэлэлцдэг зүйлийг тохиолдлын хүмүүсээр хийлгэж болдоггүй. Харин хэлэлцэж чаддаггүй зүйл бол бий. Оны хүнийг бол парламент тогтоох бололцоо байхгүй. Оны хүнийг мянган хүнээ тохиолдлоор авчраад шалгаруул л даа. Хоёр өөр юм байгаа биз. Тэгэхээр юуг хаана хэлэлцдэг гээд тусдаа зүйл. Эзэн нь өөрийнхөө ажлыг хийх ёстой. Тохиолдлоор сонгогдсон хүмүүс сургуулийн барилгыг цэнхэр эсвэл улаанаар будахыг хэлэлцэж болно. Түүнийг бол парламент шийдэх бололцоо байхгүй. Шийддэг юм нь хоёр өөр юм. Үүн дээр би дахиж үгээ хэлнэ. Энэ буруу процедурыг эсэргүүцэж ажиллана гэж бодож байгаа.

-Бусад оронд Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэрхэн хийдэг юм бэ?

-Хувьсгалаар эсвэл Үндсэн хуулийн өөрчлөлт гарах бол нийт ард түмний санал асуулгаар хэлэлцүүлж тэгээд парламентаар орно. Өөр арга зам байхгүй шүү дээ.

-Үндсэн хуульд оруулахаар яригдаж байгаа асуудлуудыг сонирхож үзэв үү. Таныхаар ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Эхлээд дордуулсан долоон өөрчлөлтөө хүчингүй болгох ёстой. Угаасаа Цэц дэмжээгүй хууль бус зүйл. Түүнээс болж давхар дээл гэдэг буруу зүйл яваад, энэ бүх хямралууд үүсч байна. Үндсэн хуульдаа халдах ийм осолтой байдаг. Энэ бүгдийг чинь өнөөдөр бид Үндсэн хуулийн нэмэлтүүдээр шийдэж болно. Нэмэлт болгоныг тусад нь нийт ард түмнээр хэлэлцүүлээд санал хураалгаад, парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд явах ёстой. Засгийн газрын кабинетын зарчмыг бэхжүүлэх тал дээр тодорхой заалтууд нэмж болно. Иймэрхүү амьдралаар шалгагдаж байгаа, амьдралаас өнөөдөр урган гарсан нэмэлтүүдийг хийх тал дээр нийт ард түмнээр хэлэлцүүлээд, санал асуулга хийгээд явж болно. Үйлчлэл нь бол дараагийн УИХ-аас хэрэгждэг, сонгуулийн дараа гэдэг байдлаар нэмэлтүүдийг хийж болно. Түүнээс одоо энэ Үндсэн хуулиа тогтолцоогоор нь өөрчлөх маш буруу.

-Ерөнхий сайд парламентыг тараах эрх мэдэлтэй болох гэх мэт үү?

-Тэр бол буруу. Өнгөрсөн 20 хэдэн жил Засгийн газрууд огцорч л байсан. Гэхдээ Монголын улс төрийн хамгийн том тогтвортой зүйл чинь парламентын тогтвортой байдал байлаа. Монгол Улсыг авч гарсан юм ердөө энэ. Буруу замаар будаа тээсэн улс орон их бий. Төр нь тогтворгүй, байнга хувьсгал гардаг. Тэгээд бүх хөрөнгө оруулалтаа сүйтгэдэг. Ингэхээр ард түмэн нь улам л тэр хорыг амсдаг. Ийм юм чинь хүний зовлонгоор дуусдаг юм шүү дээ.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг одоо эрчимжиж байна. ер нь парламент болгон Үндсэн хуулийн өөрчлөлтийг барьж авах юм. Мөн МАН хэт олонх байхдаа өөрчлөлт хийх нь буруу гэх байр суурь дуулддаг?

-Юуны төлөө байнгын ажиллагаатай парламент байдаг юм. Үүнийгээ байнга ярьж байх ёстой. ярьж байна гээд нэг далайгаад л дордуулсан долоон өөрчлөлт шиг юм хийж болохгүй. Энэ бол зөвхөн парламентын дотор биш, парламентийн гадна том зөвшилцөл явах ёстой. Ер нь Монголын нийт улс төрийн тогтолцоо оролцож байж үүнийг хийх ёстой.

-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй хүмүүс уулзаж сунгааныхаа талаар ярьсан гэсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тэнд УИХ-ын гишүүдээс нэлээд хэд нь орсон л доо. Түүний хүрээнд очиж байгаа. Нэр дэвших хугацаа бол болоогүй. Наана хэрвээ хэн нэгэн нэрээ дэвшүүлбэл хуулийн зөрчилтэй болох магадлал бий.

-Таныг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд байгаа?

-Би хууль зөрчмөөргүй байна шүү дээ.