01.13

С.Баярцогт дахин дахин шалгуулахад айгаад сандраад байх юм алга гэв


С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл олны анхаарлыг татсан хэвээрээ л байгаа. Дансан дахь 9.2 сая ам.долларын асуудалтай нь холбоотойгоор нэр бүхий хүмүүс мэдээлэл хийж, С.Баярцогтыг гадны хууль хяналтынхан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Харин С.Баярцогт news.mn сайтад өгсөн ярилцлагадаа тэдний гаргаж тавиад байгаа баримтуудыг хуурамч гэсэн байна. Тэр хэлэхдээ  “Оффшор бол маш муухай зүйл гэж хүмүүс улс төрийн зорилгоор харлуулаад байгаа л даа. Уг нь бол оффшор чинь татварын хөнгөлөлтийн л асуудал. Дэлхий дээр олон улс орон хэрэглэдэг. Хөрөнгө татахын тулд оффшорт компани нээх нь байдаг л үзэгдэл. Ямар нэгэн байдлаар гадаадад бизнес хийх гэж байгаа хүн оффшорт бүртгүүлэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол хоёр удаа татвар төлнө. Эдийн засгийн хувьд бодоод үзэхэд л хүндрэлтэй байгаа биз дээ. Би 2008 оны тавдугаар сарын 29-нд оффшорт компани бүртгүүлж байсан юм. Тэр үед манай нам цөөнх болчихсон.  Гэртээ хөлөө хугалаад хэвтэж байхдаа юу эсийг бодох билээ. Тэгээд найз нартайгаа яриад мөнгө зээлээд оффшорт компани байгуулсан. Энэ нь хуулиар тухайн үед ч, одоо ч нээлттэй. Тиймээс хууль зөрчсөн асуудал байгаагүй, одоо ч байхгүй. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудад оффшорт компани эзэмших талаар хязгаарлалт хийх хууль эрхзүйн орчинтой болох нь зүйтэй.

-Хүн болгонд хардах эрх байгаа. Гэвч гүтгэж болохгүй л дээ. Мэдээж хэрэг, хар багаасаа улс төрд хөл тавьсан, Оюутолгой гэдэг том төслийг хөдөлгөхөд оролцсон энэ нөхөр яавч зүгээр байгаагүй гэсэн хардлага яваад л байгаа. Баярцогт заавал нэг юм авсан гэж хардаад байна. Энэ бол бидний сэтгэлгээний хоцрогдол, гажуудал юм. Намайг байхгүй хойгуур хоёр эмэгтэй  хэвлэлийнхэнд хандаж, баримт гаргаж үзүүлээд, намайг шалгаж мөрдөж байгаа гэсэн юм байна лээ. Би өөрөө олж хараагүй л дээ, хүмүүсээс л авсан мэдээлэл. Би тэр хоёр эмэгтэйг буруутгамааргүй байна. Магадгүй өөрсдийгөө маш зөв зүйл хийж байна гэж итгэж байхыг үгүйсгэхгүй. Гол нь энэ хоёр эмэгтэйг хэсэг нөхөд улс төрийн зорилгоор ашиглаж байна уу гэж харж байгаа. Эсвэл гадны хүмүүс ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Би бас хардаж байна ш дээ.

Тэдний гаргаж үзүүлсэн баримтууд гээд байгаа цаас бүгд хуурамч.  Яагаад хуурамч вэ гэвэл аль ч улсын банк заавал хоёр гарын үсэгтэй тодорхойлт гаргаж өгдөг. Банк хоорондын харилцааны журам угаасаа тийм. Би тэр оффшорын асуудал босч ирэхэд дотроо бодож байсан л даа. Намайг хичнээн тайлбарлаад зарим хүмүүс Оюутолгойтой хардсан хэвээрээ байх биз гээд. Тиймээс “Credit Suisse” банкны хуулийн газраас нь тодорхойлт гаргуулж авсан юм. Өөрөөр хэлбэл, тэр данс руу нэг л удаа мөнгө орсон. Тэр нь 2008 оны есдүгээр сарын 30-нд орж ирсэн гэдгийг баталгаажуулсан баримт. Би нэг зүйлийг гайхдаг.  Хүмүүсийг жаахан мартагнуулж байгаад нөгөө асуудлаа эргэж сөхөхдөө шаал өөрөөр яриад эхэлдэг, тийм нэг хар технологи Монголд яваад байна. Энэ асуудлаар  дахин дахин шалгуулахад айгаад сандраад байх юм алга. Би гэмт хэрэг үйлдээгүй. Авлига авсан, мөнгө угаасан асуудал байхгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн явдал байхгүй. Албан тушаалаа ашиглаж бусдыг болон улсыг хохироосон асуудалгүй. Миний хувьд нэг л алдаа гаргасан. Тэр нь хөрөнгө орлогодоо л тэр дансаа мэдүүлээгүй явдал. Үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцорсон. Дараа нь сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй.

Бүх талаараа хариуцлагаа хүлээчихээд байхад энэ асуудлыг байн, байн дэвэргээд ард түмнийг турхираад байгаа шалтгааныг нь зарим нөхдүүд намайг хэтэрхий үнэлээд байдаг юм уу эсвэл энэ намын дарга болчихно гэж болгомжлоод байдаг юм уу гэж харж сууна. Нөгөө талаасаа энэ нөхөр Оюутолгойн гэрээг хийхэд маш идэвхтэй оролцсон болохоор Баярцогтыг харлуулах замаар Оюутолгойн бүтээн байгуулалтыг харлуулья гэсэн зохион байгуулалттай ажиллагаа байхыг үгүйсгэхгүй.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн