12.09

Ц.Нямдорж: Дэд сайд нар элдэв зүйл жиргэхийн оронд хуулийн ганц хоёр зүйл сур

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглохоор заасан билээ. 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ц.Нямдорж гишүүн үг хэлсэн юм. 

Тэрбээр “Бие даасан цомхон хууль гаргах шаардлагатай. Нийтийн албаны хуулиар 30-аад мянган хүн хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хууль зүйн байнгын хорооны хурлаар оффшор бүс гэдгээ тодорхойлох, энэ асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтай хамаагүй, гэр бүлийн гишүүд оффшорт мөнгө хадгалсан бол мэдүүлэг гаргуулах гэсэн ерөнхий рамыг нь гаргасан. Одоо оффшорт мөнгө нуухыг хамгаалдаг хүмүүсээс болоод Хууль зүйн яам ялагдчихлаа гээд хэрүүл үүсгээд байх юм. 

Дэд сайд нар "Твиттер"-ээр элдэв зүйл жиргэхийн оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм бэ. Нэг хуудас хуулийн төслийг дөрвөн хуудас болгож УИХ батална гэж юу байх вэ? Асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө дутуу ажилласан Засгийн хүмүүс ялын дүгнэлт бичиж болохгүй. Хуулийг тархиндаа бясалгал хийж байж бичдэг юм. Санал гаргасных нь төлөө шүүмжлээд байх хэрэггүй.Үндсэн хуулийн гэм буруу гэдэг чинь эрүүгийн хэрэг гэсэн үг. Энд гэм буруу, эрүүгийн хэргийн асуудал яриагүй. Амьдрал дээр өөрийнхөө нэр дээр биш үр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлсэн зүйл яваад л байна. Дутуу зүйлийг Их хурлаа гарга гэж шахахын оронд би яагаад дутуу зүйл хийчих вэ гэж бодох хэрэгтэй” хэмээсэн юм.