09.20

Д.Түмэнжаргал: АН-д олон толгойтой мангасын үлгэр өрнөж байна

Ч.ОЛДОХ

Ардчилсан хувьсгалын анхдагч ахмад  зүтгэлтнүүдийн холбооны  СХД–ийн салбарын дарга Д.Түмэнжаргалтай ярилцлаа.

–АН ҮЗХ–ны хурлаа хийж чадахгүй, сонгуулийн бэлтгэл ажилдаа ч анхаар­сан юмгүй байгаа нь дотоод­доо талцал их байгаа­гийн илрэл байх. Намын даргын асуудал бүх­нийг гацааж байна гэж ажиг­лагчид үзэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

АН зургаан жил Их хурлаа хуралдуулаагүй. Одоо ҮЗХ–ноос намын даргыг сонгоно гэсэн чигтэй хурал хийлгэх гээд чадахгүй байнга хойшлоод байж байна. Нөгөө талаас намын даргыг сонгох шинэ арга барилыг хайж олох гэж тархиа гашилгаад байх шаард­лагагүй. АН өмнө нь анхан шатны бүх байгууллагаараа хэлэл­цүүлж марафон  явуул­даг байсан. Түүнийгээ сэр­гээчихэд зөв голдрилдоо ороод явчих юм.

Тиймээс ҮЗХ тарахад буруудахгүй. Яагаад гэвэл, ҮЗХ чадамж муутай гэдгээ олон удаа харуулсан.Гишүүд, дэмжигчдийн дунд ч ҮЗХ–ны нэр хүнд   унасан. Яагаад тухайн цаг үедээ хэлэлцэхээр товлосон асуудлаараа хуралдаж чаддаггүй юм бэ гэдэг асуудал. АН өнөөдөр  чадалтай удирдлагатай, бодлоготой, хүчирхэг сөрөг хүчин байх ёстой. Энэ бүх шалгуурыг хангаж ажлаа хурдан эхлүүлэх, хийх  хэрэгтэй. Үүний тулд  намын дээд шатнаас хамгийн доод  шат хүртэл намын дүрмээ шинэчилмээр байна.

–Гишүүд, дэмжигчид нь намын дарга ямар хүн байх ёстой гэж үзэж байгаа вэ?

–Жирийн гишүүдийн нэн даруй шаардаж буй зүйл бол намын даргыг яаралтай сонго гэж байна. Сонгохдоо хуучин арга барилаасаа татгалз гэж байгаа юм. Бүлэг, фракциудын хуйвалдаан, цусгүй тэмцэл, зодооны дундаас намын дарга гарч ирдэг явдлыг зогсооё. Жирийн гишүүдийн  дундаас хүсэл шаардлагынх нь дагуу намын даргыг сонгох хэрэгтэй байна.  Манай намд  бий болсон гажуудал нь  хурал болж  нэг хүн даргаар сонгогддог. Тэр өдрөөс хойш бараа нь харагддаггүй. Намын байраар үзэгддэг, тэнд суудаг дарга нэг ч байхгүй. Намын байран дээрээ сууж, гишүүд, дэмжигчидтэйгээ уулздаг, ард түмнийхээ дунд орж санаа бодлыг нь сонсч ажилладаг дарга байх хэрэгтэй гэсэн шүүмжлэл  олон жилийн өмнөөс  яригдаж ирсэн. Дарга намын байран дээрээ сууж ирж байгаа санал хүсэлт, шүүмжлэлээс санаа авах,  ажил хэрэг болгох шаардлага зүй ёсоор гарч байгаа. Намын дарга  УИХ, Засгийн газрын гишүүн гэхчлэн давхар албан тушаал хашдаггүй хүн байх хэрэгтэй гэдгийг гишүүд  бас хэлж байгаа. Их хурлын гишүүд, сайд нар намын ажилд тэр бүр оролцож амжихгүй. Тиймээс намаа биечлэн удирдаж ажиллах хэрэгцээ, ийм шаардлага байна. Дээр нь гишүүдээ хаячихдаг явдал манай намд бий. Сонгуулийн үед сар гаруйн хугацаанд гишүүнээ таньдаг, мэддэг. Бусад үед нь тоодоггүй, намын үйл ажиллагаа  жирийн гишүүддээ хаалттай байдаг. Намын байранд очиход хэн нэг хүний туслах, үүдний хүн, хөл гар болсон нөхөр  л сууж байдаг. Гишүүд тийм хүнтэй уулзаад буцахдаа сэтгэл дундуур байдаг.

–АН–ыг харж байхад  өнөөдөр намаа аваад явчих боловсрол мэдлэгтэй, нийгэмд болоод улс төрийн тавцанд нэр нөлөө бүхий  хүчтэй лидер алга. Энэ юутай холбоотой вэ?

–Намд боловсон хүчний бодлого алдагдсан гэдгийг 1990-ээд оноос хойш тасралтгүй ярьж ирсэн. Өнөөдөр үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа.  Сонгуулийн үеэр гишүүд, дэмжигчид  хэдэн мянгаараа сана­лаа өгч сонгох хүнээ сон­гож, гаргах хүнээ гаргадаг. Дараа нь ги­шүүд, дэмжигчдээ тани­хаа байж, хэн нэгний туслах, зөвлөх, хамаатан, садан намын аппаратанд, ажлын байр, албан тушаалд гарч ирдэг. Гаргаж ирж байгаа хүнийг нь  бид хүлээн зөвшөөрөхгүйдээ гол биш. Тэр хүн мэдлэг боловсрол, чадал чансаагаараа гарч ирсэн байж болно. Харамсалтай нь намын аппарат, гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж чаддаггүй. Мэдэхгүй, чадахгүй, байхгүй, боломжгүй гэсэн асуудал тавиад сууж байдаг. Энэ байдал нь нийт гишүүдийг залхааж гүйцлээ. Гишүүд бол намд орж ирсэн цаг хугацаагаар л  ялгаатай болохоос бүгд энэ намын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс. Тиймээс намынхаа төлөө дуугарахаас аргагүй болж, хурал, цуглаан хийх, үгээ хэлэх хэлбэрт шилжиж эхэлсэн. Нам ялагдуулсан дарга нар, үүрэг гүйцэтгэгч статустай сандал ширээний бөглөөс хийж байгаа хүмүүс яаралтай зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Жинхлэх хугацаа өнгөрчихөөд байхад үүрэг гүйцэтгэгч хэвээр  байна гэдэг шалгуур хангахгүй байгаа гэсэн үг. Гэтэл тэр хүнийг байлгаад байна  гэдэг  ямар ашиг сонирхол вэ. Л.Эрхэмбаяр бол СХД–т гурван удаа Их хурлын сонгуульд дэвшсэн нэг ч удаа ялж байгаагүй. Дүүргээ ч бүхэлд нь ялуулж чадаагүй. Тэгээд намын толгойд очиж суугаад үүрэг гүйцэтгэгч болсон. Нам үүрэг гүйцэтгэгчтэй сонгуульд орж ялагдсаны  тодорхой хувийг Л.Эрхэмбаяр бүрдүүлсэн. Иймд түүнд хариуцлага тооцох хэрэгтэй.

–Дүүргүүдийн намууд ч ялгаагүй ийм байдалтай байна уу даа. Тухайлбал, танай СХД–ийн АН 11 толгойтой, дарга гэж цээжээ дэлдсэн хүмүүс бужигнаж байдаг гэж сонссон?

-Дээрээ суудлаа олохгүй байхад дороо суудлаа олохгүй гэгчээр дүүргүүд  үүнтэй адил байгаа. Саяын миний ярьсан бүх зүйл дүүргүүдэд ажиглагдаж, давтагдаж байна. 2012 оны ИТХ-ын сонгууль СХД-т Л.Эрхэмбаярын найруулгаар явсан. Тохи­ролцоо, наймаа болсон  учраас нэр дэвшигчид ч, жирийн гишүүд, дэмжигчид ч хохирч АН нутгийн удирдлагын сонгуульд ялагдсан. Одоо ИТХ-ын сонгууль болох гээд бас л бужигнаж эхэлсэн. Нам туйлын хангалтгүй ажиллаж байна. Нэр дэвшигчиддээ анхаарахгүй юм. Удаа дараа ялагдсан хүмүүсийг дэвшүүлээд байдаг. Нөгөө хүмүүс нь ч ичих нүүргүй, болъё гэсэн сэтгэлгүй ширэн нүүрлэж дэвшсээр орон нутгийн сонгуулиа алдаад дууссан. Энэ байдал одоо ч давтагдахаар байна. Хэн нэгний танил тал, мөнгөтэй хүмүүс дарга болдог явдал намын дээд шатнаас эхлээд дүүргүүдэд байгаа. Бусад дүүрэг ямар байгааг би мэдэхгүй, манай СХД  11 даргатай гэж хэвлэлээр бичигдэж байгаа нь үнэн.  Дээрээ нэг даргатай, доороо 11 дэд дарга байхаар ямар  нам байх вэ. Доор нь байгаа 11 хүн бүлэглэл болж дээрх ганц даргаа хааш нь ч хөдөлгөхгүй барьчихсан. Эвгүй дуугарвал огцруулна гэх жишээтэй. 

Үргэлжлэлийг