05.18

Булганы ”зодоон”-ыг Ж.Бат-Эрдэнэ өнгөлөх үү

Сонгууль болохоос ганцхан сарын өмнө улстөрчид санд мэнд гэгч нь тойргоо хуваав. Тавагтай хоолоо хуваах адил өнгөтэй, өөдтэйг нь авах гэж АН-ын даргын өрөөнд гишүүд нь зураг зурж өнжив. Үүний хүчинд Хэнтийн замыг там болгосон гэх Б.Гарамгайбаатар гишүүн Чингисийн нэр барьж нэг тойрог нэмүүлэв. Монгол Улсыг 76 тойрогт хуваахдаа 48-ыг нь аймгуудад, 28-ыг нийслэлд оноож, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар тус бүр нэг, Дорнод, Завхан, Өмнөговь тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон тус бүр гурван мандаттай байхаар хуульчлав. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр "АН-ынхан хэн бэ гэдгээ ард түмэнд тойргийн хуваарилалтаар сүүлийн удаа өнгөтөөр харууллаа". Өөрөөр хэлбэл, АН-ынханд санал өгөхгүй байх магадлалтай, МАН-ын нэр дэвшигчдийн рейтинг өндөр байгаа аймгуудын сонгогчдыг үндсэндээ албан бусаар "шийтгэж" байгаа нь энэ. Улс төрийн намууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 20-23-ны хооронд тодруулах учиртай. Одоо нэг мандаттай аймгуудын нэр дэвшигчдийн дотор "зодоон" болох нь дамжиггүй. Энэ удаа ганц мандаттай ч хүчтэй өрсөлдөгчтэй Булганы аймгийг онцолж байна.
Ж.Бат-Эрдэнэ: - Олны нэрлэдгээр сахал Бат-Эрдэнэ бол Булганы хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг. Мэргэжилтнээс эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ өсч дэвжиж, төрийн ажлын дөр суусан хүн. Одоо цагт төрийн албанд танил тал, дарга даамлын халаасны мэдлэг чадваргүй хүмүүс олноор орж ирэх болсон хэмээн олон нийт шүүмжилдэг. Салбараа мэддэг дарга, цэрэг ч ховорджээ гэж бухимдах нь бий. Тэгвэл Ж.Бат-Эрдэнэ зам тээврийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн албаны ёс журмыг чандлан биелүүлж явсан тухайгаа "Түүх сөхөхөд" хэмээх цуврал дурсамж бичлэгүүдээрээ хүргэж байгаа билээ. Нутгийн зон олон ч сахал Ж.Бат-Эрдэнэд ам сайтай байгаа. Харамсалтай нь, "улаантах" магадлал өндөртэй, нэр дэвшигчдийнх нь рейтинг сайн байгаа Булган аймагт эрх баригчид ганцхан мандат хуваариллаа.
Улс төрийн хүрээнийхэний ярьж буйгаар Булганд ганц мандат хуваарилдаг нь О.Амартүвшинд зориулсан гэнэ. Учир нь энэ удаагийн сонгуулийн систем нь хэн мөнгөтэй байна вэ.  Тэр хүн ялах боломж бололцоо илүү өндөр болгож өгсөн юм. Гэвч монголчууд зөв сонголт хийхгүй бол ямар асуудал үүсч болдог гэдгийг өнгөрсөн дөрвөн жил хангалттай биеэрээ амслаа шүү дээ. Тиймээс хэн нэгэн мөнгөтэй хүнд үү, хаа нэг чуулган дээр бусдыг ингээлгэж байх хүн чухал уу гэдгийг ухаарах биз. Ер нь Ж.Бат-Эрдэнэ насаараа төрийн албаны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн болохоор нутгийн зон олон нь ч илүү нэр хүндтэй байдаг сурагтай.
Ё.Отгонбаяр: 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр Булганчуудыг төлөөлөн ажилласан Ё.Отгонбаяр гишүүн жин дарах өрсөлдөгч яах аргагүй мөн. Гэхдээ нутагтаа хийсэн ажил тун багатай байдаг бололтой. УИХ-ын чуулганд байсхийгээд хоржоонтой үг хэлдэг тэрбээр АН-ынхны мандат хуваасныг "Тойргийн хуваарилалт шог биш бүр хог" байна хэмээн эсэргүүцсэн ч тусыг олсонгүй. Тэр бол цахим ертөнцөд идэвхитэй байдаг гишүүдийн нэг билээ. Өнгөрсөн хугацаанд түүхийн хэд хэдэн цуврал бүтээл гаргасан нь түүнд эерэг үнэлгээ авчирсан. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУЯ-ны сайд байхдаа Кембрижийн сургалтыг хөтөлбөр, системийг үе шаттайгаар нутагшуулах ажлыг сүр дуулиантайгаар эхлүүлсэн ч төрийн залгамж халаа муутайн балгаар таг гацчихаад байгаа билээ.
Д.Хишигжаргал: -Түүний нэрийг сонсоогүй хүн гэж байхгүй байх. Гэхдээ сайнаар гэхээсээ илүүтэй саараар олны танил болсон гэвэл худлаа ярьсан болохгүй. Дамбийн Хишгээ улстөрчдийг, урлаг, спортынхныг дарамталжээ гэх мэдээ шар хэвлэлээр тасрахгүй хөвөрдөг. Тэгвэл алдарт рекитчин, манлай уяач Д.Хишигжаргал Булган аймагт бие даан нэр дэвшиж, төрийн түшээ болохоор сэтгэл шулууджээ. Төрийн ажлын туршлагагүй Д.Хишигжаргал яагаад гэнэт төрд зүтгэхээр шийдчихэв гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж буй. Аль нэг намаас биш бие дааж нэр дэвшинэ гэдэг өөрөө өөртөө дарга гэсэн үг. Юу сайхан дур сайхан гэгчээр хэзээ ч больчихож болно. Тэгэхээр Д.Хишигжаргал гэх энэ эрхэм Булганд нэр дэвшигчдийн саналыг хуваах, "шантаажлах" зорилготой өрсөлдөж байхыг үгүйсгэхгүй. Яг үнэндээ УИХ-д нэр дэвшинэ хэмээн шуум тараасан нь түүний цаанаа зорилготой уран нүүдлийнх нь нэг ч юм билүү хэн мэдлээ.
О.Амартүвшин: -Булган аймагт нэг атаман, хоёр улстөрч, нэг бизнесмэн өрсөлдөх гэж байна. Нэг бизнесмэн нь мэдээж UFC группийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хот дахь Булган аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг О.Амартүвшин. Монголын толгой компаниудад ажиллаж байсан ч хувийн бизнесээ эрхлэхээр зориг гаргасан нь амжилтад хүрсэн. Ердөө 25 настайдаа үүсгэн байгуулсан UFC компани нь өдгөө 11 жилийн дараа хүнс, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын салбарт хүрээгээ тэлж, өнгөрсөн таван жилийн хугацаанд улсад 30 гаруй тэрбумын төгрөгийн татвар төлсөн томоохон групп компани болж өргөжсөн байна. Бизнесийн салбарт одтой байгаа хэдий ч томилгоотой холбоотой өрсөлдөөнд өвдөг шороодох нь элбэг. Учир нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр түүнийг сонгогдох нь гэсэн шуум нэлээд явсан ч эцсийн дүндээ Б.Лхагважав энэ албан тушаал дээр очсон билээ. Бизнесийн салбараас урваж, улс төрд орохоор хэдэн жилийн өмнөөс зориглосон ч нэр дэвшигчид дүүрэн байдаг Булганы тойрогт мандат авах амар ажил байгаагүй нь дамжиггүй. Тиймээс энэ удаа АН-аас илгээлт авч, ганц мандаттай Булганд хүчээ үзэхээр шийджээ.

Т.Дүүрэн