Өлзийсайхан. Энхтүвшин

УИХ-ын гишүүн

04.13

Ө.Энхтүвшин: Идэр есийн хүйтэнд хэцүүхэн айлын хаяа бараадлаа бид

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын дарга М.Энхболдод хандан шүүмжлэлт ил захидал илгээсэн. Дээрх асуудлаар түүнтэй ярилцлаа. 
 -Ил захидал бичих болсон шалтгаан тань юу вэ? 

-Би намын даргадаа ил захидал бичсэн талаараа хэлсэн. Надтай уулзаагүй. Ажил ихтэй байсан биз. Гэхдээ уулзах байх гэж бодож байна. Энэ захидалд айхтар ноцтой нууцлаад байх, намын эв нэгдлийг бусниулах хэмжээний аюул тарихаар зүйлийг бичээгүй гэж бодож байна.  

-Сайдад нэр дэвшигчдийг эсэргүүцэж буйгаа энэ захидлаараа илэрхийлэв үү? 

- Би яг одоо сайдад нэр дэвшигчдийн талаар ярихгүй. Учир нь дөнгөж томилогдож байна. Тэр хүн үнэхээр чадвартай эсэхийг цаг хугацаа харуулна. Тиймээс тэднийг хамтдаа харцгаая. Миний захидалдаа бичсэн гол зүйл нь жилийн өмнө болсон намын 27-р Их хурлаас гаргасан шийдвэрүүдийн нэгийг ажил хэрэгтэй болгох ёстой гэсэнтэй холбоотой. 

Хүнийг албан тушаалд томилохдоо мэдлэг, туршлага, шударга чанар, олон түмэн дэх нэр хүнд зэргийг нь гол шалгуур болгож байя гэж хэлж байгаа юм. Хоёрдугаарт, боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижигхэн хүрээнээс сонгодог байдлаа болимоор байгаа юм. Аль болох олон түмнээс, намын гишүүдээсээ хайх хэрэгтэй. Тэр талаар судалгаа ч гаргаж бүртгэлтэй болгоё.

  Өрсөлдөөнтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл намын боловсон хүчний сонголтийг өөр түвшинд гаргая. Энэ шйидвэрийг МАН-ын 27 дугаар Их хурлаар гаргаж байсан. Тэгээд энэ хурлаас хойш МАН анхын томилгоог хийж байна. Засгийн газарт орох анхны томилгоо. Энэ үйл явлдыг харахаар 27 дугаар Их хурлын үнэр байхгүй байна. Өрсөлдөөналга. Намын удирдах зөвлөл болон бүлгээр ярьсан болоод шууд чуулганаар оруулчихлаа.

Уг нь 14 хоног хойшлуулъя гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд хойшлуулах байсан. Тэгсэн бол тайван асуудлаа ярилцах байлаа. МАН-ын гишүүдээс хэн, аль яамыг хариуцаж чадахаар байна гэдгийг судалж тухайн салбараас нь асуугаад өрсөлдүүлээд тавих ёстой гэж би бодж байсан.  Гэтэл шууд чуулган руу оруулсан болохоор би эгдүүдэж байгаа юм. 

 -Та МАН засагт хамтарсныг дэмжихгүй байгаа хэрэг үү? 

- Тийм. Засагт орж ажиллах байсан бол 2012 оны сонгуулийн дараа хамтраад Засгийн газраа байгуулж болох байсан. Би тэр үед АН-ын даргатай санал солилцож, “Цаашдаа улс орноо яаж авч явах вэ, эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бидэнд боломж байгаа. “Шударга ёс” эвсэлтэйгээ ажиллаад явна.

МАН-тай яасан ч эвсэхгүй. Намын ҮЗХ 80 хувиар МАН-тай хамтрахгүй гэж шийдсэн” гэж байсан. Гэтэл байдал хүндрээд чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь манайхан “За за” гээд хүлээж авч байгаа нь утгагүй. Орох байсан бол юу хийж чадах, яах гэж орж байгаа вэ, засагт ороод ажлаа хийж чадахгүй бол яах юм гэдгээ бодох ёстой. Засгийн газарт орж ажиллахад ард түмэн биднийг эрх баригч л гэж харна. 2016 оны сонгуульд энэ нь яаж нөлөөлөх вэ гэдгийг ярихгүйгээр тэр сайд, энэ сайд гээд явчихаж байгаа юм. Идэр есийн хүйтэнд хэцүүхэн л айлын хаяа бараадаж хашаанд нь буулаа бид. 

-АН тохирсон, амласан зүйлээсээ буцдаг гэж танай намын зарим гишүүд шүүмжилж байгаа? 

-Тийм тохиолдол зөндөө. Сайхан гар барьж, тэврэлдчихээд маргааш нь “Хууль зөрчих гээд байна” гээд бултаж байсан шүү дээ. Жишээ нь Өвөрхангайд сонгогдсон хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудал яригдахад АН гэдийсэн. Аргаа бараад ядаж нэг нэг хүнээ оруулая гэхэд “тэгэе” гэж гар барьчихаад маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. Ингээд Н.Алтанхуяг нь “УИХ мэднэ” гээд, УИХ дээр очихоор З.Энхболд нь “Сонгуулийн ерөнхий хорооны асуудал” гээд Сонгуулийн Ерөнхий хороонд очихоор “Шүүхэд оч” гэсээр дууссан шүү дээ. Иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д олон удаа хууртаж байсан. 

 -Та сайдуудын томилгоонд сэтгэл дундуур байх шиг байна? 

-Сайдад томилох хүмүүсээ 100 хувь гаднаас томилох ёстой байсан. Гэтэл үндсэн чиглэлийн яамдад УИХ-ын гишүүн оруулж ирсэн. 1.5 жил буюу маш богино хугацаанд ажиллана. Гэтэл энэ хугацааны зарим цагийг яамны ажилдаа, заримыг нь УИХ-ын ажилд зарцуулж таарна. Хямралын үед яамандаа сууж, 100 хувь цагаа зарцуулж ажиллах хүн хэрэгтэй. Хоёр ажил давхар харьцуулахаар үр өгөөжтэй байж чадах уу, үгүй юу. Түүний оронд салбараа мэддэг хүнийг нь ажиллуулсан бол үр дүн харагдах байсан гэж бодож байгаа. 

-Таныг намынхаа даргад захидал илгээсэн нь МАН-ын хагарал гэж ойлгогдож байна? 

-Хагарал биш. Уг нь энгийн зүйл. Асуудлаа хэлж л байх ёстой. Болохгүй бол захидал бичиж шаардах ёстой. Эв нэгдэл гэчихээд бие биедээ үгээ хэлж чадахгүй бол нэг л өдөр дэлбэрнэ. Тиймээс эртхэн сануулж байгаа юм.