Шаравдорж. ТҮВДЭНДОРЖ

УИХ-ын гишүүн

04.09

Ш.Түвдэндорж: Ёс зүйн дүрмээ тодорхой болгох шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр, намрын чуулган завсарлах энэ хугацаанд байнгын хорооны гишүүдийн хамт АНУ-д ажиллаад ирсэн билээ.

-Саяхан УИХ-ын хэсэг ги­шүүд АНУ-д ажиллаад ирсэн. Аж­лын айлчлалийн зорилго юу байв?

-Хоёрдугаар сарын 13-21-ний өдрүүдэд УИХ-ын дэд дар­га С.Баярцогт тэргүүтэй төлөөлөг­чид АНУ-ын шүүх эрх мэдлийн тог­толцоо, үйл ажиллагаатай та­нилцахаар ажлын айлчлал хий­лээ. Энэ хүрээнд АНУ- ын Конгресс дахь Монголыг дэм­жих бүлгийн гишүүдтэй уул­залт хийж, тус улсын Дээд шүүх, шүүхийн захиргаа, Нью-Йор­кийн тойргийн шүүх, давж заалдах шатны шүүх, Холбооны Мөр­дөх Товчоо, Маршалын ал­баны үйл ажиллагаатай та­нилцаж туршлага судаллаа. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамб­лейн 67 дугаар чуулганы дар­га В.Жеремик, Хууль зүйн асуу­дал эрхэлсэн ЕНБД-ын ор­логч П.Обриен нартай тус бай­гууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар са­нал солилцож уулзалт хийлээ. Бид­ний ажлын айлчлалын гол зо­рилго бол Мөрдөх албаны бо­лон Хамгаалах /Маршалл/ ал­баны тухай хуулийг боловс­руулж байгаатай холбогдуулан АНУ-ын ижил төрлийн алба­дуу­дын үйл ажиллагаатай та­нилцах явдал байсан юм. Аж­лын айлчлал ажил хэрэгч, үр дүн­тэй, чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.

-Өнгөрсөн намрын чуул­ганаар Хууль зүйн байнгын хо­роо ямар ажил хийж гүй­цэтгэсэн бэ?

-УИХ-ын намрын ээлжит чуул­­ганы хугацаанд Хууль зүйн байн­­гын хороо эрхлэх асууд­лын­­хаа хүрээнд нийтдээ 26 хууль, УИХ-ын таван тогтоол бо­лон бусад таван асуудлыг хэ­лэл­цэж, Шүүх байгуулах ту­хай, Хаягжуулалтын тухай, Шүүг­чийн эрх зүйн байдлын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай гэх мэт 14 хууль, Шүүгчийн орон тоо батлах тухай зэрэг таван тогтоолыг нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Мөн байнгын хорооны тогтоолоор хянан шалгах, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий найман ажлын хэ­сэг байгуулж холбогдох чиг­лэлээр үйл ажиллагаа явуул­лаа. Тухайлбал, Хүн ху­дал­­даалахтай тэмцэх тухай, Ав­лигатай тэмцэх хууль тог­тоом­жийн хэрэгжилтэд хяналт та­вин ажиллаж байна. Ер нь бол Хууль зүйн байнгын хо­роо эрхлэх асуудлынхаа хү­рээнд өнгөрсөн хугацаанд ихээ­хэн ажил амжуулсан. Цаа­шид ч хийх ажил их байна. Чуул­ганы завсарлагаар бид хав­рын чуулганд хэлэлцүүлэх асууд­луу­даа бэлтгэх, судлах, боловс­руу­лах ажлуудыг хийж байна.

-Та өөрөө ямар хууль са­наачилж өргөн барьсан бэ?

-Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд энэ байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа бүхий асуудлуудад санал бодлоо тусгуулаад явж байгаа. Харин Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслүүдийг Х.Тэмүүжин гишүүний хамт санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Дэгийн тухай хуульд яагаад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон гэхээр санал хураалтын цаг тодорхой бус байдгаас бусад ажил жи­шээл­бэл иргэд сонгогчид, зо­чид, төлөөлөгчтэй уулзах уул­залт зэргийг товлоход хүндрэл учир­­даг. Уул нь энэ асуудлыг зо­хи­цуулахаар 2010 онд дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 22.3.5 дахь заалтыг шинээр нэмсэн боловч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа юм.

Тиймээс баасан гарагийн 11.00 цагт санал хураалт явуулж байхаар нэмэлт, өөрчлөлт оруу­лах хуулийн төслийг санаа­чил­сан юм. Ингэснээр иргэд ч ямар хуу­лиуд батлагдаж байгааг ил тодоор тодорхой мэдэх бо­ломж­той болох юм. Мөн Тө­рийн тусгай хамгаалалтын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд тө­рийн тусгай хамгаалтад бай­гаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэгт холбогдон цагдан хорихоор таслан сэргийлэгдсэн, шүүхээр гэм буруутай нь тог­тоогдон хорих, баривчлах бо­лон албадан ажил хийлгэхээр шийт­гэгдсэн тохиолдолд ца­лин­гаас бусад үйлчилгээ, тө­рийн хамгаалалтыг түр түдгэл­зүүл­дэг, зогсоодог байх хууль юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд иргэн албан тушаалтан хэнд ч бай шударга ёсны хувьд тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой. Уг нь энд бас төрөөс олгосон одон ме­далийн асуудал хөндөгдөнө. Мөн түүнчлэн хамгаалалтын ажилт­нуудын үйл ажиллагаанд үүсч буй элдэв зөрчлийг арил­гах эрх зүйн шаардлага үүс­сэн. Тий­мээс уг хуулийг санаа­чил­сан.

-УИХ-ын Ёс зүйн дэд хо­рооны дүрмийг хэлэлцэх үед таныг “Хүний амь бүрэлгэхэд хүн­дэтгэх шалтгаан хэрэг­тэй” гэсэн талаар сонин хэв­лэ­лээр гарсан. Энэ талаар тод­руулахгүй юу?

-Тиймээ тэгсэн. Чингис хаан Жамуха андаа хороохын өмнө иймэрхүү үг хэлсэн байдаг. Би асуудалд анхааралтай нухацтай хандаасай гэсэндээ хааны энэ үгийг дурьдсан. Улстөрч ч бай иргэн ч бай хэний ч хувьд ёс зүй нь тухайн нийгмийн нөлөөлөл, зан заншил, өссөн орчин, мэдлэг боловсрол, хүмүүжил зэрэг олон зүйлээс шалтгаалдаг. УИХ-ын гишүүн иргэд, сонгогчдоос сонгогдсоныхоо хувьд хийж буй үйлдэл, хэлсэн үг, биеэ авч яваа байдал бүхэн нь нийгэмд эерэг болон сөрөгөөр нөлөөлж байдаг. Тиймээс ч ёсзүйн өндөр хэм хэмжээг шаардах нь зүйн хэрэг. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмээ маш тодорхой болгож түүнийгээ даган мөрддөг байх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох талаар санаагаа хэлсэн нь тэр. Тэгээд шийдвэр гаргах ги­шүүд нь хэн байх вэ. Өөрөөр хэл­бэл, ёс зүйн дэд хороо ямар бүрэлдхүүнтэй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл ижил эрхтэй УИХ- ын гишүүд нэг нэгнээ ёсзүйтэй, ёсзүйгүй гэж дүгнэлт гаргах нь хэр зохистой бол. Тиймээс Ёс зүйн дэд хороог парламентад олон удаа сонгогдсон, ахмад тулхтай, туршлагатай УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх нь оновчтой гэсэн байр суурьтай байгаа юм.

-Засгийн Газрын үйл ажил­лагааг ямар төвшинд явж бай­на гэж та бодож байна?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар боллоо. Энэ хугацаанд Засгийн га­зар мөрийн хөтөлбөрөө хэ­рэг­жүүлэ­хээр нилээд ажлыг ам­­­жуу­лаад байна. Макро төв­шинд зарим нэг ахиц гар­­сан. Мөн Оюутолгой, Тавантол­гой, Чингис бонд, Бүтээн бай­гуулалтын томоохон төслүүд зэ­рэг асуудлуудаар улс орны эрх ашгийг тэргүүнд тавьж уял­даа холбоог сайжруулах чиг­лэлээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Монгол банкнаас тодорхой бодлого явуулж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Өөрөөр хэлбэл үлдэж байгаа гурван жилд улс орны эдийн засгийг өөд нь татаж ажлын байр, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх за­маар ард иргэдийнхээ амьжир­гааг эрс дээшлүүлэх шаардлага тул­гараад байна. Монгол улс хөг­жих үү, эс хөгжих үү гэсэн салаа за­мын уулзварт ирээд байна гэж би өмнө нь бичиж байсан. Үүний тулд Засгийг газар эрчимтэй ажиллах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм л даа.

Б.Балжир