03.31

С.Ламбаа:Эрүүл мэндийн салбарыг намчирхлаас ангижруулах хэрэгтэй байна

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай ярилцлаа.

-Халдварт өвчин газар авч, хүүхдийн өвчлөл нэмэгдэж, байдал ер нь хүндхэн байна. Танай яамнаас үүнтэй тэмцэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Улаанбурхан, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэг цаг хугацааны давхцалтайгаар өндөр байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт буурч эхэлж байна. Үүнтэй холбогдуулаад нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлээд олон арга хэмжээ авсан л даа. Жишээлбэл, эмнэлгүүдийн орыг нэмж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг хүүхдийнх болгосон. Насанд хүрэгчдээ Эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн. Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхнаас сэргийлэх заавар зөвлөмж, нийтэд зориулсан зурагт хуудсыг маш их хэмжээгээр хэвлэж тараасан. Мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр өвчнөөс сэргийлэх мэдээллийг олон давтамжтайгаар хүргэсэн. Гэлээ гэхдээ улаанбурхан бол нэлээд хүндрэлтэй байгаа. Ялангуяа 0-8 сартай хүүхдүүдэд маш хүнд тусч байна. Гэтэл 0-8 сар нь вакцинд хамрагддаг товлолын нас биш. Есөн сартайгаас нь хийдэг. Вакцинд хамрагдаагүй гэдэг агуулгаараа халдвар авч хүндрээд байгаа. Мөн вакцинжуулалтыг хоёр настай хүүхдэд хийдэг. 2012, 2015 онд 3-6, 13-17 насныханд нэмэлт вакцинжуулалт хийсэн. Түүний үр дүнд есөн сартайгаас 17 нас хүртэлх хүүхдийн өвчлөл бага байгаа юм, вакцинд хамрагдчихсан учраас. 18-аас дээш насныхан маш их халдвар авч байгаа. Хүндэрч байгаа. Яагаад вэ гэвэл энэ хүмүүс чинь вакцинд хамрагдаагүй улсууд гэсэн үг шүү дээ. Тийм учраас Засгийн газар улаанбурхны нэмэлт вакцинжуулалт хийхэд 948 сая төгрөг шийдэж өгсөн.

-Нэмэлт вакцинжуулалтыг 18-30 насныханд хийхээр болж байгаа гэв үү?

-948 сая төгрөгөөр 600 гаруй хүн тун вакциныг дагалдах хэрэгслийнх нь хамт авна. Энэ вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авдаг. Захиалгаа өгөөд бүх бэлтгэл ажлаа хангачихсан. Ойрын хугацаанд яаралтай, шууд гэрээгээр орж ирэх нөхцөл нь бүрдчихсэн. Засгийн газрын тогтоолоор 18-30 нас гээд тогтоочихсон юм биш. Бидний хийсэн судалгаагаар нийт өвчлөгсдийн 64-өөс дээш хувь нь 18-30 насныхан байгаа юм. 18-30 насныхан бол хөдөлгөөнт насныхан. Оюутан, цэрэг, МСҮТ-д сурч байгаа, дотуур байранд амьдарч байгаа оюутнууд нэг газар бөөгнөрч байгаад тал тал тийшээ тараад явчихдаг. Ирэх, очих хөдөлгөөн нь их. Дотуур байраар дүүрэн хүүхдүүд. Тийм учраас энэ хөдөлгөөнт хүн амын бүлэг чинь халдварыг маш их хэмжээгээр тарааж байна гэж үзэж байгаа юм. Энэ үндсэн дээр л бид 18-30 насныхаа хүмүүсийг вакцинд давамгайлж хамруулъя, түүнээс дээших насныхан ч өөрийн хүсэлтээр хамрагдаж болно гэж байгаа. 600 гаруй хүний тун гэдэг чинь маш их вакцин.

-БЗХӨ тэр дундаа тэмбүү аюулын түвшинд хүрсэн. Мөн элдэв халдварт өвчний дэгдэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Салбарын яамны үйл ажиллагаа сул байгаатай холбоотойгоор ийн нэмэгдэж байна уу эсвэл нийгэм эдийн засаг, иргэдийн амьжиргаа доошилж байгаатай уялдаатай юу?

-Эрүүл мэндийн яам сайдгүй ч гэдэг юм уу, эзэнгүй байгаа болохоор улаанбурхан дэгдээд, ХДХВ нэмэгдээд янз бүрийн халдварт өвчнүүд гараад байгаа гэх ойлголт байж болохгүй л дээ. Яагаад вэ гэвэл яам сайдгүй байлаа ч бодлогын шинж чанартай үйл ажиллагаа нь явагдаж л байгаа. Би энэ салбарт Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирээд гурван сар болж байна. Ирснээсээ хойш өдөр шөнөгүй л бүх ажлыг зохицуулж ажиллаж байна. Үнэндээ яам бол өөрийн бодлогын асуудлыг зангиддаг төрийн сайдгүй байна гэдэг бас тийм ч таатай зүйл биш. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд гэдэг бол бүх салбартай уялдаа холбоотой ажиллаж, бодлогоо маш том хэмжээнд тавьж ажиллаж байх ёстой юм шүү дээ. Энэ үүргийг хариуцаж байгаа нэг хүнтэй их л удаж байна. Энэ талаас нь авч үзвэл хүмүүст тийм сэтгэгдэл төрөөд байгаа юм. Төрөхөөс ч яахав. Тэгэхдээ л ирснээсээ хойш хийж байгаа ажлуудаа харахад үнэхээр гацчихсан, хөдөлгөөнд ороогүй, шийдэл хүлээчихсэн асуудал зөндөө л байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажил чинь тасралтгүй, маш их эрч хүчтэй явж байх ёстой. Тэр ажил назгайраад жаахан удаад эхэлбэл тэрийг ерөөсөө андахгүй. Тэр цаг хугацааг олоод байгаа юм шиг л энэ өвчлөл нэмэгдээд байна. Өнөөдөр бол үнэхээр дээр асуусан бэлгийн замын халдварт өвчин тэмбүү, ХДХВ-ийн асуудлыг Монгол Улс анхаарлынхаа төвд авахгүй бол болохгүй болчихсон.

-Юунаас улбаалж энэ төрлийн өвчлөл нэмэгддэг юм?

-Эдийн засгийн байдал гэхээсээ илүүтэй хэтэрхий замбараагүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл хяналтад орохгүй байна. Эмчилгээ хийлгэхгүй байна. Эрүүл мэндийн боловсролтой хүн ховордож байна. Тэмбүү нэлээд газар авсан. Тийм ч учраас хүүхэд эхээсээ тэмбүүгийн халдвар авч төрж байна. Бид үүн дээр төрийн бодлогоор маш яаралтай арга хэмжээ авахгүй бол бэлгийн замын энэ халдварт өвчин бол хүнийг идэж, өргөн хүрээний өвчлөлүүдийг бий болгодог. Цаашлаад эмнэлгийн ачааллыг хүндрүүлдэг талтай. Тиймээс үүн дээр тусгайлсан арга хэмжээ авна. Ер нь бол нийтийг хамарсан арга хэмжээ явуулна.

-Улаан тарианы үе шиг үү?

-Улаан тарианы үе шиг л юм болох гээд байна. Оросууд чинь улаан тариагаар л монголчуудыг тэмбүү гэдэг өвчнөөс нь салгаж байсан юм гэнэ билээ гэж улсууд ярьдаг шүү дээ. Тийм байдлын түвшинд хүрэх гэж байгаа юм шиг хүртэл яриа гараад байна. Иймээс үүн дээр үнэхээр анхаарах ёстой. Хатуу хяналт тавьдаг, үзлэг хяналтдаа ороогүй хүнд хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр ДОХ-ын халдвар авсан 200 гаруй хүнтэй болсон гэдэг чинь магадлалын онолоор ХДХВ-ийн халдвартай 1000 гаруй хүн бидний дунд алхаж явна гэж ДЭМБ-аас үзээд байна. Уг өвчний илрүүлэлтийг маш чанад хийх ёстой. Хэрвээ цусаар дамжих халдвар хэлбэрээрээ тархвал энэ цөөхөн хүн амтай улсад эмгэнэл авчирна. Цусны төвийг шинээр барьж, автомат тоног төхөөрөмжүүдээр хангаад ДОХ-ын шинжилгээг улам нарийн болгоод байгаа нь үүнтэй л холбоотой шүү дээ.

-Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг, нийгмийн идэвхтэй хэсгийнхэн эмнэлгийн үзлэгт барагтай бол ордоггүй. Бие нь өвдөөд тартагт нь тулахаар л эмнэлэг барааддаг. Үүнээс татгалзаж эдгээр хүмүүсийг нэгдсэн журмаар жилдээ нэг удаа албан шаардлагаар эмнэлгийн үзлэгт хамруулдаг байх талаар эмч мэргэжилтнүүд их ярьдаг л даа?

-Хуучин Эрүүл мэндийн даатгалын хуульд эрүүл мэндийн даатгал төлсөн хүн гурван жилийн хугацаанд ямар нэг эмнэлгийн үйлчилгээ аваагүй байвал нэг удаа бүх төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэнэ гэдэг тиймэрхүү заалт байсан. Тэр заалт ач холбогдолтой ч байгаагүй, хэрэгжээ ч үгүй. Шинээр гаргасан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хоёр чухал заалт бий. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа бүх үзлэг, оношилгоонд Монголын даатгалтай иргэн болгон хамрагдах үүргийг иргэдэд нь олгочихсон байгаа. Нөгөө талаасаа иргэдээ хамруулж зохион байгуулах ажлыг албан байгууллага, бүх газруудад өгчихсөн. Энэ хуулийг хэлэлцэх явцад би албан байгууллага ажлын нэг өдөр чөлөө өгч, бүх хүнээ шинжилгээнд хамруулдаг байх заалтыг оруулах гээд чадаагүй. Солонгос мэтийн орнуудад байгууллагынхаа хүнийг оношилгоонд хамруулаагүй байвал байгууллага нь хариуцлага хүлээдэг. Тиймээс 500 ажилчныхаа 100-г нь ажлын нэг өдөр чөлөө өгч явуулдаг. Харин ажилчин нь тэр өдрөө шинжилгээ хийлгээгүй байвал байгууллага нь түүнд хариуцлага тооцож, цалинг нь хасдаг. Ийм тогтолцоотой байхгүй юу. Энэ чинь л урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд албадлагын шинж чанартай оруулж байгаа юм. Цаанаа бол өнөө өвчнийг нь хүндрүүлэхгүй байх л асуудал шүү дээ. Өнөөдөр хавдраар яагаад хүмүүс нас бараад байгаа юм. Ерөөсөө л нэг ч удаа шинжилгээнд орохгүй явсаар байгаад III, IV шатлалдаа орчихоод л сая болохоо байлаа гээд хүрээд ирдэг. Тэр хүнийг чинь аврах ямар ч боломжгүй. Химийн эмчилгээ хийгээд ч нэмэргүй болчихсон улсуудыг чинь хөнгөвчлөх эмчилгээ рүү шилжүүлэх тухай л юм ярихаас биш өөр арга байхгүй болчихож байгаа юм. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа нийт иргэд өөрсдөө товлолын болон товлолын бус шинжилгээнүүддээ хамрагдаач ээ, шинжилгээнд хамрагдах даатгалыг чинь даатгал даагаад өгчихлөө шүү дээ. Шинжилгээнд хамрагдах бүх боломжийг нь хуулиар олгочихсон. Гэтэл ирдэггүй. Ний нуугүй хэлэхэд 480 гаруй мянган хүн нь хөдөө мал дээр, тархай бутархай. Тэр хүмүүсийг авчраад дуудаад бүгдийг нь урьдчилан сэргийлэх шинжилгээнд оруулахад маш хэцүү. Ганцхан жишээ хэлье. 2011 оноос “Хавдрын аян”-ыг зохион байгуулсан. Уг аяны хүрээнд аймаг болгонд Улаанбаатараас очсон баг ажиллахад хөдөөнийхөн хол, ойр гэлгүй морь, мотоциклио унаад л ирж шинжилгээнд ороод байгаа чинь ийм ажлыг өргөн хүрээнд зохион байгуул гэсэн үг шүү дээ. Тархмал байдалтай байгаа өвчний урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг товлолоор зарлаж хийдэг тогтолцоонд шилжчихээд байгаа.

-Эрүүл мэнд, спортын яамыг аль нэг намд өгч янз бүрийн хүнээр толгойлуулах нь намын өмч, хувийн компани мэт харагдуулж салбарыг бүхэлд нь унагаж байна. Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой уг яамыг улс төрөөс ангид байлгах ёстой гэдэг л дээ?

-Би үүнтэй ёстой санал нэг байна. Эрүүл мэндийн салбар бол улс төрөөс ангид байх ёстой. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн угаасаа намын батлахгүй. 2009 оны нэгдүгээр сарын 5-нд бүгд намын харьяаллаасаа татгалзсан. Энэ улсууд бол өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах хэрэгтэй. Өөр бодож санах юм байхгүй. Ардчилсан нам засгийн эрх авснаас хойш эрүүл мэндийн салбар МАХН-ын квот болчихсон. Тэр квот л учраас МАХН байж байх ёстой юм шиг ийм байдал руу орчихсон. Тэр нь маш их тогтворгүй явж ирснээс болоод л энэ салбарын нэр хүнд ихээхэн доошоо орж байна. Эзэнгүй яам, авлигач яам л гэх юм. Энэ яаманд сайн юм алга байна ш дээ. Энэ яамыг тогтвортой байлгах нь төрийн бодлогын л асуудал шүү дээ. Сайдгүй ингээд л байж байна гэдэг бол үнэхээр энэ салбарт төр ямар бодлого бариад байгаа юм гэдгийг хүн ойлгохгүй шахуу болчихоод байна. Эрүүл мэндийн салбар бол төрийн бодлогын хувьд номер нэг асуудал. Яагаад гэвэл эрүүл хүн л боловсролтой байна. Тийм болохоор намчирхсан, намын энэ нэг асуудлаас эрүүл мэндийн салбарыг ангижруулах ёстой. Би Г.Шийлэгдамба сайдыг ажлаа өгөөд явсны дараагаар АН-д иргэнийхээ хувьд шаардлага тавьсан ш дээ. Тэрнээс биш би сайд болъё гэсэн шаардлага тавиагүй. Энэ салбарыг ингэж зөнд нь орхиж болохгүй. Энэ салбар бол Монголын ирээдүй болсон хүүхэд, бүх иргэнийг авч явах, эрүүл байлгах ёстой салбар. Бодлогын хувьд алдаад байна. Төр барьж байгаагийн хувьд, засаг барьж байгаагийн хувьд АН энэ асуудлыг өөртөө ав, өөрийнхөө сайдыг тавь. Хариуцлага тооцож ажилла, хөдөлгөөнд оруул гэсэн л дээ. Үүнийхээ хариуд би чинь мэдээллийн хэрэгслүүдээр сайд болох гэлээ, энэ тэр гэж баахан бичүүлсэн л дээ. Би тэрэнд ерөөсөө халширдаггүй ээ. Яагаад вэ гэвэл энэ бол Монголын ард түмний эрх ашиг байхгүй юу. Ингэж л би дуугаа өргөсөн. Тэрнийхээ төлөө Төрийн нарийн бичгийн дарга болчихсон юм шиг хачин юм болоод байна л даа (инээв). Гэхдээ яадаг юм. Би сайд байсан хүн.

-Та хэчнээн жил сайдаар ажиллалаа?

-Гурван жил зургаан сар. Дөрвөн жил шахуу сайдын ажил хийсэн хүн Төрийн нарийн бичгийн даргаар ирэхээр улсууд гайхаад байх шиг байна. Яагаад болохгүй гэж. Би заавал сайд байх албатай юм уу. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг энэ алба чинь бас л эрүүл мэндийн салбарыг зохицуулдаг маш том үүрэг хүлээсэн ажил. Тэр талаас нь нэг намын квот болгож, нэг намын өмч болгочихоод өгдөггүй, нөгөө нь авч чаддаггүй, шийдэж ч чаддаггүй. Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар Эрүүл мэнд, спортын сайдыг хаврын чуулган нээгдэнгүүт бүрэн эрхийнхээ дагуу шийднэ ээ гэж хэлэхийг сонсоод үнэхээр зөв, энэ асуудалд анхаарах нь ээ гэж бодсон.

-2016 оны сонгууль ямар болж өнгөрөх вэ. АН, МАН гэх хоёр нам өөрсдийгөө л гаргаж ирэх сонгуулийн хууль баталсан. АН-д бүх эрх мэдэл байгаа учир ямар ч хамаагүй аргаар гарч ирнэ гэсэн таамаг ярианууд яваад байгаа?

-Монголын ард түмэн сонгох, сонгогдох эрхээ аваад хэдэн жил болж байгаа билээ. Дотроо бодолтой гэдэг шиг монгол түмэн “Би ингэж сонгоно оо” гэдгээ бодож боловсруулчихсан л яваа. Өнөөдөр зүгээр нэг малчин хүний бодож санаж яваа юм бол ил тод, элдэв өнгийн юм яриад яваа хүмүүстэй адилхан биш шүү. Тэр улсууд чинь маш их тулхтай юм бодоод явж байгаа. Би олон жил улс төрд явж, парламентад суусан хүнийхээ хувьд төрийн хүн гэдэг бол төрийн хүн шиг л байх ёстой гэж боддог. Ямар нэгэн шоугаар амьдарч, байгаа местэн дээрээ байгаад байхыг боддог тэр хөг өнгөрсөн. Хэн юм хийж зүтгэсэн бэ гэдгийг өдийд ялгаад салгачихсан л байгаа, улсууд. Гэхдээ АН төр барьж байгаагийнхаа хувьд МАН-тай нийлээд л хоёр том нам хуйвалдаад Сонгуулийн тухай хууль хийчихсэн юм шиг байна гэж би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ жил УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн сонгуультай хамт явагдана. Бас л их шинэ сэргэг юм болно. Мэдээжийн хэрэг хэн нь хэндээ саналаа өгөх нь хамаагүй ч гэсэн энэ төрийг тогтвортой авч явах гэсэн хүмүүс байгаа шүү. Тэр талаасаа бол бодлоготой л хийх байх. Ер нь эмэгтэйчүүдийн квотыг нэмээд, намуудын сурталчилгаа явуулах хугацааг багасгаад боловсронгуй болгоод л байна. Сурталчилгааны хугацааг бага болгосны төлөө шинэ, залуу намууд гарч ирэхгүй нь ээ гээд л айгаад янз бүрийн юм яриад байна шүү дээ. Хоёр нам өөртөө л зориулаад юм хийчихлээ гэх юм. Би үүнийг үгүйсгэж байна.

-14 хоногийн хугацаанд өөрсдийгөө хангалттай сурталчилж амжихгүй. Энэ бол шинэ намуудыг хааж боосон асуудал гэх юм?

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасан нь өнөө хоёр том нам нь өөрсдөө гарах гэсэн асуудал биш. Сонгуулийн 14 хоногт чинь өөрийгөө таниулах тухай асуудал байхгүй. Ер нь бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс сонгуульд өрсөлдөх ёстой. Түүнээс биш дуртай нь давхиж орж ирээд би 45 хоног явж байгаад гарна гэж ярьдгаа болих хэрэгтэй. Жишээ нь, 14 хоногийн хугацаанд өөрийгөө таниулах биш, би энэ нийгэмд юу хийж бүтээв, Монголын ард түмний төлөө юу гэж дуугарч байсан юм гэдгээ тэр хүн чинь аль хэдийнэ таниулчихсан байх ёстой юм шүү дээ. Тэгээд сонгуулийн тухай ярих ёстой байхгүй юу. Би боддог юм, энэ карьер гэж нэг юм яриад байна. УИХ-д сонгогдох гэж байгаа хүн цэргийн алба хаасан байх ёстой гэдэг шиг аймаг, дүүрэг, сум, иргэдийн төлөөллийн байгууллагууддаа ажилласан, тодорхой хугацаагаар сонгуульд орж, ард түмнийхээ төлөө тодорхой ажил хийсэн, төр засгийн байгууллагын ажилд оролцчихсон, төрийн ажил яаж явдаг, хуулийг яаж боловсруулдаг юм гэдгийг зах зухаас нь мэддэг болчихсон ийм хүмүүсийн өрсөлдөөн байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр л мөнгөтэй хүн, өөрөөрөө шоудаж чаддаг, эсвэл их сайхан дуулдаг хүн, эсвэл нэг их уран барилддаг хүн гээд ийм байдлаар яваад өгөх юм бол Монголын улс төрийн өндөр албан тушаалтнуудын ялангуяа парламентад хууль боловсруулах түвшинд ажилладаг улсууд бол тийм сайхан зүйлийг бүтээхгүй дээ. Олон жил нухалсан, нухсан, тэр юмыг мэдсэн, мэдэрсэн энэ улсууд чинь л юм хийнэ шүү. Цүнх барьсан улсууд л сайд болчих юм шиг, цүнхийг нь бариад яваад байсан хүн нэг хүний оронд очих гэж байгаа юм шиг ярьдаг энэ ярианаасаа ч салах хэрэгтэй. Залуучуудад хандаад хэлэхэд улстөрч болохын тулд улс төрийн хүн болох нөхцөлдөө өөрөө төлөвшсөн, хүч чадалтай, сурч боловсорсон байх хэрэгтэй. Маш их потенциалтай болсныхоо дараа би одоо бэлэн боллоо гэж ард түмэндээ зарлаж хэлэх хэрэгтэй ш дээ. Би тэгж л боддог. Одоо бол Сонгуулийн тухай хуульд янз бүрийн өөрчлөлт орохгүй байх аа. Тэгэх юм бол энэ сонгуулийг чинь хэн ч ойлгож чадахгүй, утгаа алдсан юм болно.

 

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Өдрийн сонин