Логийн. ЦОГ

УИХ-ын гишүүн

04.09

Бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжив

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог тус комиссын хуралдааныг өнөөдөр хийлгэж комиссын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэв.

    “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж эцэслэн шийдвэрлүүлэх, Төсвийн хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын комиссын дүрэмд өөрчлөлт оруулах,”Том төрөөс ухаалаг төр рүү” зарчмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Энэ тухай хуралдааны үеэр тус Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн онцлон хэллээ.

    Тэрээр тухайлан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг нэн яаралтай шийдвэрлүүлэх үндэслэл, шаардлагын талаар ярихдаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл гаргах хугацаа, нөхөх олговор нэхэмжлэх нэхэмжлэл гаргах хугацаа 3 удаа сунгагдаж улмаар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон билээ. Хуулийн төсөлд дээрх хугацааг сунгах, зарим нэр томъёоны ойлголт болон эрх үүргийг тодорхой болгох, нөхөх олговрын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг харгалзан Улсын комиссоос байгуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулсныг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлээд байгаа тухай танилцуулав.

    Комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн дээрх зорилтын хүрээнд даруй хэрэгжүүлэх ажлын талаар дурдахдаа, юуны өмнө Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт шалгагдаагүй үлдсэн хэрэг байгаа эсэхийг нягтлан шалгаж, тэдгээрийг цагаатгаж дуусгах, Улсын Ерөнхий Прокурорын газраас шалгах ажлыг нь зогсоосон 1000 гаруй хүнтэй холбоотой хэргийг дахин хянан үзэж цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх, аймгууд дахь архив, түүний дотор тэдгээрийн шүүхийн архивт шалгагдаагүй үлдсэн байж болзошгүй улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотой, цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг салбар комиссоор шалгуулах талаар ярив.

    Үүний зэрэгцээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах хүрээнд шийдвэрлэх ажлынхаа талаар тэрээр товч танилцуулав.

    Улсын комиссын “Мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй хэдий ч нөхөх олговроо аваагүй 13000 гаруй хэлмэгдэгч байгаа ажээ. Энэ нь Цагаатгалын хуульд заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй хүмүүс, ар гэрийнх нь хууль батлагдсанаас хойшх 16 жилийн хугацаанд Улсын комисст хандаагүй байгаа нь нөхөх олговор авах нэхэмжлэгч байхгүйтэй холбоотой байж болох талтайг Комиссын нарийн бичгийн дарга дурдаад өдийд нөхөх олговроо авахаар материалаа бүрдүүлж буй 1000 гаруй нэхэмжлэгч байна.

    Тэд, хэлмэгдсэн болон хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотойгоо нотлох баримтыг бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа тул цагаатгуулах, нөхөх олговор авах эрх нь үүсэхгүй байгаа талаар Комиссын нарийн бичгийн дарга дурдав.

    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын Комиссын дүрэмд өөрчлөлт оруулахыг Комиссын гишүүд дэмжсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.