03.12

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн Боловсролын сайдад хаягласан захидал

Эрхэм дүү Боловсролын сайд Л.Гантөмөр өө

Эрхэм дүү хатагтай Б.Насанбаяр аа

Мүүн хэмээх христийн нэгэн урсгал эсвэл бүр гаж эзэрхийллийн талаар түмэн олон шуугих энэ агшинд гэгээрүүлгийн хана хэрмээс дуурсах Та нарын дуун хөндий хэнэггүй сонсдох нь миний бухимдлыг төрүүлэв.

Насанбаяр нь миний ундаалж өссөн урсгал сайхан Хүнгий голд өссөн бололтой.

Манай нутагт хүний дээд бурхан нь төрүүлсэн аав ээж гэж үздэг. Нэрийг нь хэлэхээс цээрлэдэг билээ. Гэтэл МҮҮН гээчийн ёсоор төрүүлсэн аав ээж хэнч биш гэнэ.

Ийм сайхан нутгийн ард олны нэрийг миний дүү муугаар дуудуулж зүрхлэхгүй биз ээ.

Хэрэв чи тэр МҮҮН гэх урсгалд хөвж яваа эсвэл явсан бол үнэнээ эртхэн өчих нь залуу хүнд хэрэгтэй санагдана.

Би хувьдаа МҮҮН гэх тэнэглэл нь миний хөх Монголын өвөг дээдсийн ёс жаягийн эсрэг үйлдэл гэж үргэлж үзэх тул хэзээ ч дэмжиж байгаагүй, цаашид энэ аугаа үндэстнийг цаг зуурын зугаа цэнгээний үзлээр төөрөгдүүлж дөнгөхгүй нь тодорхой гэдэгт гүн бат итгэлтэй байдаг.

Эрхэм дүү Насанбаяр аа, Эрхэм сайд Гантөмөр өө,

Та нарын өөрсдийгөө хамгаалах гэсэн энэ үйлдэл чинь Монголчуудын боловсролын ариун нандин бүхнийг гутааж байна. Бушуухан шийдвэрээ гаргаад олигтойхон байр сууриа илэрхийл.

Насанбаяр ЧИ ёс зүй гэдэг зүйлийг, Завханчуудын ахас ихсээ хүндлэх эрхэм журмыг ядахдаа ухамсарлаад наад ажил шүү юмаа өгөөд өөрийн үнэнийг батлахыг хичээхийг би зөвлөж байна.

Цэрэндоржийн ГАНХУЯГ /Завхан аймгийн Завханмандал сумын харъяат/